Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Тэмүүлэл - Улаанбаатараас Лондон хүрэхэд хэр хол байсан бэ?



By  Khulan Jugder     9:32 AM    Labels:,,,,,, 
 Өнгөрсөн зун “Jet” англи хэлний сургалтын төвд гадаадад суралцахыг хүсэгч оюутнуудтай жижигхэн уулзалт хийж, тэтгэлгээр гадаадад суралцсан тухайгаа ярилцсан юм. Эхлээд энэ тухай заавар, зөвлөмж интернэтээр нэг байгаа тул миний яриа сонин биш байх болов уу гээд хэд хэд хойшлуулав. Харин зориглоод очтол ирсэн хүмүүс маш олон зүйл асууж, бид нээлттэй сайхан ярилцаж хэдэн цагийг өнгөрүүлсэн юм. Бас оюутнууд маань ч энэ тухай асуух нь их байдаг тул блогтоо өөрийнхөө багахан туршлагаас орууллаа.

Англид суралцах нь миний багаасаа л бодож, тэмүүлж ирсэн зүйл байсан юм. Яг хэзээ, яагаад ийм санаа төрснийг мэдэхгүй ч, оюутан болохдоо л Монголд бакалаврын зэрэгт суралцаад дараа нь Англи явна гэсэн холын бодол тээчихсэн байв. Харин их сургууль төгсөх үед сургуульдаа үлдэж ажиллах завшаан тохиосон нь сэтгүүл зүйн салбараа залуу судлаачийн үүднээс шинжлэх ухаанчаар харж, ойлгохын зэрэгцээ амралт, чөлөөгөөрөө сэтгүүлчийн ажлаа хийж бага ч атугай туршлага нэмэх боломж олгосон хоёр жил байсан юм. Энэ хооронд угаас сонирхолтой байсан онлайн сэтгүүл зүйн чиглэлээр уншиж, судлаад Монгол дахь гадны сэтгүүлчид болон олон улсын агентлагийн мультимедиа сурвалжлагчидтай ажиллаж хүмүүсийн хэлдгээр онол, дадлагыг хэрэндээ л хийсэн нь магистрт суралцах маш том бэлтгэл болсон. 
Хэлний шалгалт
Ингээд 2012 оны есдүгээр сараас ерөнхийдөө бэлдэж эхэлсэн гэж болно. Монгол Улсын Засгийн Газраас дэлхийн шилдэг 300 их сургуулийн нэгд тэнцсэн тохиолдолд тэтгэлэг олгодгийг мэдээд тухайн жагсаалтаас эхлээд зөвхөн Их Британид байдаг сургуулиудыг шүүж, дараа нь Лондонд байдгийг нь харж судалсан юм. Шаардлага нь хэлний мэдлэг, судалгааны ажлын байдал, туршлага гэхчлэн ерөнхийдөө ижил. Эндээс хамгийн түрүүнд IELTS шалгалт өгөх шаардлагатайг хараад, дунд сургуульд сурсан мэдлэгтээ итгэн арванхоёрдугаар сард шуудхан шийдээд өгтөл унших, сонсох, ярих хэсэгтээ 7.0 авсан ч бичих хэсэгтээ олигтой авсангүй. Гэхдээ дундаж нь нэгэнт 6.5 гэсэн Английн их сургуульд магистрт суралцах босгыг давахуйц байсан тул өргөдлөө бэлдэж эхлэв. 
Тодорхойлох захидал
Үүнийг багш, ажлын газраасаа авдгийг хүн бүр мэднэ байх. Магистрын зэрэг горилоход мэдээж судалгааны ажил хийх шаардлагатай байдаг тул тухайн чадвараа илтгэсэн тодорхойлолт багшаасаа авах хэрэгтэй байдаг. Монголд бол багш нар дийлэнхдээ өөрөө бичээд ир, харж байгаад гарын үсэг зураад өгье гэдэг тул өөрөө өөрийгөө тодорхойлох болдог. Хүмүүсийг харахад өөрийгөө яаж магтахав дээ, яанаа гэдэг ч, энэ бол магтаалын хуудас биш харин давуу талаа л харуулах, бодит тодорхойлолт гэдгийг маш сайн анхаараасай гэж боддог юм. Өөрийгөө мундаг, “лаг” гэхдээ биш яагаад мундаг юм, яагаад судалгаа хийж чадна гэж, урьд нь энэ чиглэлийг сонирхож байсан эсэх зэргээ хэлээд аан, энэ хүн чадах юм байна гэж бодтол нь бэлдэх хэрэгтэй. Ажлын газрын тодорхойлолтод бол хариуцлагатай, олон нийтийн ажилд идэвх, зүтгэлтэй, хэр удаан, юу хийсэн зэргээр өмнөх нөгөө тодорхойлолтод нэмэлт мэдээлэл өгөхүйц, давтагдаагүй талуудаа харуулах нь зүйтэй юм билээ. Ерөнхийдөө тодорхойлолт бичихдээ хоосон тэмдэг нэрээс зайлсхийж, аль болох бодит үр дүнтэй зүйлс хэлэх нь гол болов уу. 
Зорилго тодорхойлсон эсээ
Миний хувьд энэ эсээг анх бичихдээ тааруу байснаас эхний сургуулиасаа тэнцэхгүй хариу авсан юм. Сэтгүүл зүй дотроо “Global Media” гэсэн хөтөлбөр сонгож бичихдээ өөрийнхөө туршлага, мультимедиа сэтгүүлчээр ажиллах сонирхол зэргээ голчлон бичсэн байтал сургуулиас “Энэ анги нь онолын сургалт давамгайлсан тул, чам шиг практик сэтгүүл зүйд сонирхолтой хүнд тохиромжгүй” гэсэн хариу ирэв. Эндээс би сонгосон хөтөлбөрөө маш сайн судлах шаардлагатайг ойлгосон юм. Гадны их сургуулиудад Communication and Media гэсэн ерөнхий чиглэлтэй дотроо Communication, Global Media, Business Journalism, Digital Journalism гээд үй олон хөтөлбөр санал болгодог ба вэб хуудсаар нь ороход л ямар, ямар хичээл үзэх, тухайн хөтөлбөрийг судалснаар ямар ажил хийх боломжтой гээд бүх мэдээллийг нь харж болдог. Тиймээс миний хувьд яг Journalism эсвэл Digital Journalism гэсэн хөтөлбөрүүд өмнөх судалгаа, дадлагад минь ойр байсан тул тэр хөтөлбөрт суралцах чадвараа тодруулж, сонирхол, мөрөөдлөө дэлгэрэнгүй илэрхийлж бичсэн юм. 
Хариу ирэх
Дээрх үндсэн бэлтгэлээ хангаад бусад бэлэн бичиг баримтаа эмхэтгэж гуравдугаар сараас  University of Warwick, University of Westminster, Birkbeck, Goldsmiths, University of London гэхчлэн дэлхийд тэргүүлэгч Оксфорд, Кэмбрижтэй дүйхгүй ч тэдний араас эрэмбэлэгдэх хэдэн сургууль руу материалаа илгээв. Анхнаасаа л баялаг түүх, өнө эртний нэр хүндээс илүү орчин цагийн имижтэй, арай “ойр” гэхдээ бас дэлхийн шилдгүүдийн жагсаалтад багтчихдаг сургууль сонгохыг хичээсэн минь энэ. Английн сургуулиудын бүртгэл харьцангуй урт бараг дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг тул эхний шатны хариу ирэх нь тэр хэрээр удаан, миний хувьд ч санаа, сэтгэл тогтворгүй хэдэн сарыг үдсэн дээ. Ингээд дээр дурьдсанчлан хөтөлбөрөө буруу сонгосноос Warwick-д элсэх боломжгүй болж бусдаас нь ярилцлагад орох хуваарь илгээсэн байв. 
Ярилцлага
Сургуулиудын зарим нь утсаар, зарим нь Skype-аар гэхчлэн холбогдов. Эхлээд Goldsmiths, University of London-оос настай профессор гэртээ суучихсан Skype-даж мультимедиа сэтгүүлчээр ажиллах гэсэн сонирхлыг минь дэлгэрэнгүй асууснаас гадна монгол дахь хэвлэл, мэдээллийн орчны тухай маш их яриулж билээ. Дундуур нь гэрт нь шууданч ирж, манай профессор захиагаа шалгасан шигээ бид хоёр хагас цаг илүүтэй ярилцсан нь дурсамжтай. Харин Westminster, Birkbeck-ээс утсаар холбогдож яагаад Англид суралцахыг хүссэн, тэндэхийн медиагаас юу сурмаар байгаа, ямар хэвлэл уншдаг гээд олон зүйлийг шуудхан асууж байв. Азаар ч тэрүү, миний сонсох дуртай, киног нь үзэх дуртай уран бүтээлчид англи гаралтай байсан нь соёлыг нь танихад нөлөөлсөн бөгөөд The Guardian, BBC гээд гадаад мэдээлэл авдаг сувгууд маань мөн л тэндэхийнх байсан тул дээрх асуултуудад би хамаг үнэнээрээ, чадлаараа хариулж дөнгөв. 
Эцсийн хариу
Ингээд тавдугаар сарын сүүлч гэхэд би дээрх сургуулиудад тэнцсэн ч, Conditional Offer буюу тодорхой нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд элсэх урилга авсан байв. Тэр нь нөгөө аль арванхоёрдугаар сард авсан IELTS-ийн онооны бичгийн дүнгээс болж хичээл эхлэхийн өмнөх 3 долоо хоног хэлний сургалтанд суух шаардлага байв. Хууль, сэтгүүл зүйн ангид элсэх төрөлх ангил хэлгүй хүмүүсээс IELTS-ийн бичгийн 7.0 оноо шаарддаг нь тэр. Харин би тэр зун Засгийн Газрын тэтгэлэгт материалаа өгөх төлөвлөгөөтэй байсан тул хариу авсандаа баярлахтай зэрэгцэн багагүй айдас төрж байв. Ингээд сургууль руугаа яаралтай и-мейл бичиж IELTS дахин өгч, бичгийн оноогоо дээшлүүлье гэхэд тэд уриалгахан зөвшөөрч долдугаар сарын 1-н гэхэд бэлэн болгохыг “үүрэгдсэний” дагуу би тухайн нөхцөлийг биелүүлсэн удаатай. 
Тэтгэлэг авах
Ингээд сургуулиасаа тэнцсэн урилга авсны дараа Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдахад урилга болон бусад материалаа бүртгүүлж эхний шатанд тэнцсэнээр дараачийн шатны ярилцлагад орох болов. Тэр үед би энэтхэг найзтайгаа хамт ТВ нэвтрүүлэг хийж таарсан бөгөөд өдөр зурганд явж байтал хэдхэн цагийн дараа ярилцлагатай тухай утасдаж хэлэхэд нь пүүзтэй гүйж явсан би камер, микрофон битгий хэл нэвтрүүлгийн зочноо хүртэл үлдээгээд хамаг байдгаараа яарч хувцасаа солиод очиж билээ. Тэнд бол би Монгол Улсад ямар хэрэгтэй хүн болохоо хамаг чадлаараа л илэрхийлэх ёстой байв, хэхэ. Сургуульд илгээх тодорхойлтдоо ерөнхийдөө өөрийнхөө давуу талыг нэгэнт биччихсэн тул, түүнийгээ дэлгэрэнгүй бас эх хэлээрээ харилцагчдаа ярих нь магадгүй арай дээр байсан ч байж болох. Ингээд 2, 3 хоногийн дараа МУИС-ийн төв байрны хананд ярилцлаганд орсон хүмүүсийг оноогоор нь жагсаасан байснаас би нэрээ дундаас нь дээш уншиж хайтал нэг л олддоггүй, дотроо айгаад дахин дээш гүйлгэсээр байтал 4. Ж.Хулан гэхэд нь өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод, хэсэгтээ л арилахгүй, хагартлаа баярлаж билээ. 


Сургуульдаа явах
Хэдийгээр Лондонгийн их сургуулийн Goldsmiths коллежид Сэтгүүл зүй, Компьютерийн тэнхмийн хамтарсан Digital Journalism-ийн ангид тэнцэж явахаар шийдээд байсан ч Засгийн Газрын тэтгэлгийн хэмжээ тухайн хөтөлбөрийн сургалтын төлбөрийн 70%-д л хүрэхүйц байсан тул Лондонгийн их сургуулийн Birkbeck коллежийн Сэтгүүл зүйн ангид 2013 оны есдүгээр сард данстай болов. Нэг ёсондоо Лондонд эхний хичээлдээ суух хүртэл анх шийдэж, “хөдөлж эхэлснээс” хойш яг нэг жилийг зарцуулсан байв. Ямар ч гэсэн хүн бодсон зүйлдээ үнэн голоосоо хичээвэл болдог юм байна гэдгийг тэгэхэд би мэдэрч “тэмүүлэх” гэдэг үгэнд их дуртай болж билээ. Хүн аливааг хүсэх нь ямар нэг үйлдэл хийлгүй хий хүсээд байхын нэр мэт, харин оюун санаа ямар нэг зүйлд тэмүүлсэн л бол өөрийн мэдэлгүй хийж буй алхам бүр түүнд чиглэдэг шиг санагдсан нь тэр. Тийм болохоор хүний мөрөөдөл, хүсэл хязгааргүй хойно одоо би юуг хүсэх, юунд тэмүүлэх вэ гэдгээ зааглаж ялгах дуртай болсон.  
Лондонд суралцсан өдрүүд
Азаар Лондонд миний дотны хоёр найз хэдэн сарын өмнө сургуульдаа оччихсон тул би онгоцноос буухдаа л нийтийн тээврийн карттай, оройдоо гар утасны дугаартай болсон байв. Үүрээр ер бусын бүүдгэр орчин, зогсолтгүй орох намрын бороотой өдрүүд угтаж тэр завсраар мөрөөдөж ирсэн хоттойгоо танилцах аялал маань эргэж ирэн иртэл үргэлжилсэн дээ. Цахимаар л уншдаг байсан The Guardian сониноо сургууль дээрээ гарчиглаж, BBC-д ажилладаг ангийнхаа оюутны видео даалгаварт туслангаа оффисоор нь хэдэнтээ аялж, зурагтаар л хардаг байсан BBC-гийн төв байранд нүдээ эргэлдүүлэн алхаж явсан нь дурсамжтай. Мөн ангидаа англи төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн медиа компаниудын үйл ажиллагаа, жишгийг хэлэлцэж, Al Jazeera-гийн “Listening Post нэвтрүүлгийн сэтгүүлч, “Buzzfeed”-ийн эрхлэгчийн лекцэнд суун, судалгааны ажлаа глобаль түвшинд хийдэг эрдэмтдээс үгийг нь сонсох нь асуудлыг өргөн хүрээнд хардаг болох замыг нээсэнд баярладаг. Ер нь Лондон мэтийн том хотод сурч, амьдрах нь маш “diverse буюу олон талын соёлт орчин бүрдүүлдгийг нь одоо үгүйлдэг юм. Өдөр бүр, алхам тутамдаа өөр орны хэн нэгэнтэй таарч, аз таарвал элдвийг хөөрөлдөж, түүхийг нь сонсох надад хамгийн сайхан санагддаг байлаа. Багаасаа элдэв бусын дуу хуур, соёл заншилд дуртай байсныг хэлэх үү бразил найзаасаа юунд ч дарагддаггүй өөдрөг занг нь биширч, италь нөхдөөсөө сэтгэл хөдлөм халуун сэтгэлийг нь харж, хамт ажилладаг ливан охиноос дундад азийн хоолтой танилцаад франц найзуудаасаа хэл, соёлд нь дурлаж амжилт олоогүй ч бүр сурах оролдлого хүртэл хийж үзэв. Ингээд бодохоор гадаадад сурна гэдэг зөвхөн толгойдоо эрдэм хийхээс гадна бие хүний хувьд цоо шинэ харах өнцгийг нээж, өнгөрүүлж байгаа өдөр хоногуудаа улам баялаг болгохын нэр юм уу даа. 
Хэрхэн сурснаас илүү, сурахаар явах хүртэл ямар зам туулсныг хүмүүс их асуудаг тул болохоороо л дэлгэрэнгүй бичлээ. Харин очсоноос хойшхи өдрүүдийн тэмдэглэлүүд энэ блогт минь цөөн ч гэсэн бий. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment