Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Нидерландын "Metropolis" телевиз нь улирал бүр дэлхийн олон орноос тодорхой сэдвээр видео хүлээн авч шоу нэвтрүүлэг бэлтгэдэг юм билээ. Энэ удаад "Бие галбираа хадгалах нь" гэсэн сэдвээр Монгол улсаас нэвтрүүлэг бэлдэх болж Пеарлигийн найруулгаар энэхүү видеог бид хамтран бэлтгэж илгээсэн юм. Манай уран нугараачдаас цорын ганц эрэгтэй уран бүтээлч Э.Лхагва-Очирын видео өвлийн улирлын хөтөлбөрт багтаж олонд хүрснийг хуваалцаж байна.


"Гоодаль" сэтгүүлийн наймдугаар сарын дугаарт.

Пеарли Жекоб (Чөлөөт сэтгүүлч )

         
   Түүнтэй ярилцаад дуусахад хаана орших, юу биднийг хязгаарлаж хүсэл, зорилгын минь зааг болдог юм бэ гээд гайхах. Дахиад эргэн бодвол бидний оюун санаа л "яагаад үгүй гэж" гэсэн бодлоо зориг, зүрхгүй байдлаараа далайлгаад хорьчихдог юм шиг. Харин түүний хувьд орчлон, дэлхий бүхэлдээ түүний гэр болж уулсаас уулсын цаадах руу, нэг соёлоос нөгөө соёл руу эрэлхийлэх хайгуул нь нэгэнтээ миний мэдэхгүй, миний анзаараагүй монгол ахуйг бидний өмнө, дэлхийн сонорт дэлгээд харуулсанд нь талархах.

-Өнөөдөр миний уулзаж буй Пеарлигийн дүр хаана, хэрхэн бий болсон юм бэ?
-Энэ тухай ярих бол 30 жилийн өмнөх рүү эргээд очих нь байна шүү дээ. Би Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Шилон гэх жижиг сууринд өссөн юм. Манай нутаг өндөр, сүрлэг уулстай нэг талаар Бангладеш, нөгөө талаас Мьянмартай хиллэдэг. Тийм болоод ч тэрүү эх газрын энэтхэгчүүдийг бодвол хүмүүс нь арай илүү Өмнөд Ази маягийн эсвэл монголжуу гэмээр төрхтэй. Мөн энэ онцлогоосоо болоод хинди соёл түгээмэл биш. Гэхдээ Шилон сайхан газар, зарим хүн Энэтхэгийн рок-н-ролл суурин ч гэж нэрлэдэг юм. Учир нь олон дажгүй хамтлагтай, ер нь чи Шилоноос гаралтай бол шууд л урлагийн мэдрэмжтэйд тооцогдоно. Бас түүхэндээ нэгэн үе Их Британийн мэдэлд байсан болохоор Христийн соёл, уламжлал арвинтай. Энэ бүгдийн нөлөөгөөр хүмүүс барууны хөгжим, соёлд дуртай тийм хэв маягаар амьдрах нь бий. Би ийм л ертөнцөд сайхан хөгжим сонсч, ном уншиж хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ.
-Дорнын уулсын дунд өрнийн соёлд өссөн гэхээр сонирхолтой сонсогдож байна. Гэхдээ тэндээс яагаад явсан юм?
-Би 18 хүрээд Бангалорт сэтгүүл зүй, сэтгэл судлал, англи хэлний чиглэлээр сурахаар явсан. Гэхдээ тэр үед онцчуул шиг тийм сайн оюутан байгаагүй л дээ. Коллежид ороод нэг жил сурсны дараа хичээлийн хажуугаар хийх ажил хайж эхэлсэн юм. Учир нь нэг талаас манай гэр бүл тийм ч баян биш, ердийн дундаж айл. Бас намайг сул, чөлөөтэй байдлаар биш ер нь чанга хүмүүжүүлсэн гэж боддог. Тийм болохоор оюутан болоод өөрөө мөнгө олж илүү бие даахыг хүсч байлаа. Ингээд эхлээд олсон ажил маань гурван сар “Дуудлагын төв”-д ажиллах байсан юм. Үнэхээр аймшигтай байсан шүү. Харин дараа нь нэг радиод ажилд орж, өглөө бүр рок шоу хөтлөх болсон.
-Оюутан байхдаа тийм ч сайн байгаагүй гэсэн хэрнээ, өнөөдөр та BBC, Euroasianet гээд олон газарт нийтлэл бичиж, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэдэг чөлөөт сэтгүүлч болчихсон байна шүү дээ. Ингээд бодохоор ер нь сургуульд сурах шаардлага бий юм болов уу? Ялангуяа сэтгүүлчдийн хувьд.
-Миний бодлоор сурах чухал байлгүй яахав, сургуулийн орчин маш чухал шүү дээ. Ингэж хэлэх нь таатай биш байгаа ч, Энэтхэгт бол миний амьдралын хамгийн сайн багш нар коллежид биш дунд сургуульд минь байсан. Би тэр үед л маш их зүйлийг сурч, мэдсэн санагддаг юм. Уг нь би үргэлж л түүх, уран зохиол, англи хэлний хичээлд сонирхолтой, сайн ч хийдэг хүүхэд байсан. Харин математик, физикт тийм ч сайн байгаагүй хэрнээ хүндэлдэг, сонсохыг хүсдэг багш нар маань тэр хичээлийг заадаг байсан учраас удалгүй сайжирч эхэлсэн. Багш нараасаа болоод шүү дээ, надад ямар нэг шинэ юм мэдэж байгаа юм шиг санагддаг болсон. Харин их сургуульд би нэг л багшдаа их дуртай байлаа. Биднийг чөлөөтэй яриулдаг, мэтгэлцүүлдэг нь таалагддаг, сэтгүүл зүйд энэ л чухал шүү дээ. Бусдаар бол хичээлийн төлөвлөгөө нь жоохон хоцорчихсон, зөвхөн сонины сэтгүүл зүйлд тулгуурладаг хичээл ордог байсан юм. Тэндээс төгсөөд оюутнуудын очих газар нь зөвхөн сонин, сэтгүүл тэгээд бүр сэтгүүлч ч биш, редактор, эсвэл хэн нэгний дагалдан, туслах л хийх шүү дээ.
-Тэгэхээр сэтгүүлчид сургуульд сурах шаардлагатай гэж хэлэх үү?
-Яг баттай хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр миний хийж байгаа зүйлд коллежид сурсан зүйл минь тийм ч их нөлөөлөхгүй байгаа нь хачирхалтай. Би хэзээ ч сонины сэтгүүлч болно гэж бодож байсангүй, боллоо ч соёл, урлагийн чиглэлээр өгүүлэл, нийтлэл бэлтгэх байсан болов уу. Гэхдээ тэнд сурсан зүйл минь сэтгүүл зүй гэж юу болох, түүний үндэс гэхчлэн бүх л сэтгүүлчид суурь болох зүйл. Харин энэ бүгдийг 3, 4 жил сурна гэдэг л арай урт юм уу даа. Сэтгүүлч болоход ийм их хугацаа зарцуулах шаардлагагүй байх аа.
-Тэгвэл та сэтгүүл зүйг хаана сурсан юм бэ?
-Би радиод 3 жил ажилласан, хөгжим тоглуулаад л. Нэг ёсондоо хөгжим сонсоод, хүмүүст дуртай хөгжмийг нь тоглуулж өгөөд цалин авна гэдэг нэг бодлын хөгжилтэй шүү. Яг өнөөдөр сэтгүүлч болсноо бодвол, би хүмүүсийн түүхийг сонсох, түүнийг бусдад хүргэх сонирхол надад байсантай холбоотой болов уу. Ер нь сэтгүүлч болсон минь английн уран зохиолд сонирхолтой, номонд хайртай байсан минь юм байна.
-Сэтгүүлчээр ажиллах энэ хүсэл тань монгол руу хэрхэн хөтлөв?
-12 настайдаа нэг ил захидал, эсвэл сэтгүүлээс ч билүү монголын зургийг харсан юм. Уудам тал, алсын уулс нь одоо ч харагддаг гэхэд болно. Би өндөр, сүрлэг уулсыг, Гималайг харж өссөн болохоор тийм уудам тал, өргөн орон зай нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд л 12 настай хүүхэд хүн бүрт би монгол руу явна, би монголд очино гээд ярьж эхэлсэн. Бас Бутанд очиж үзэхийг хүсдэг байлаа. Ингээд 21 настайдаа Бутанд очсон, харин монголд ирэх аялал маань аян замын тэмдэглэл бичихээс эхэлсэн гэхэд болно. Харин 4 жилийн өмнө энд ирээд аяллын тэмдэглэлээс илүү даацтай зүйлс бичихийг хичээсэн.
-Тэдгээр нь юу байсан бэ?
-Бүх л зүйл сонирхлыг минь татаж байлаа. Намайг яг ирэх үед Сэлэнгэ аймагт “Сентарра Голд”-од одоогийн “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн, тухайн үед энэ ажлаа эхлүүлээгүй байсан ердийн малчин Ц.Мөнхбаяр эсэргүүцэл үзүүлсэн тухай сонин дээр бичсэн байсан юм. Тэгээд олон улсын хэвлэл, мэдээлэлд энэ талаар гарах нь уу гэтэл энэ чухал үйл явдлн талаар хэн ч бичээгүй. Харин надад бол монгол дахь хүрээлэн буй орчин, уул уурхайн асуудалд анхаарал хандуулахад нөлөөлсөн байх. Хүмүүс уул уурхайн давуу тал, баялаг, хөгжлийг нь яриад л байдаг, гэтэл яг хөдөөгийн малчдад энэ нь яаж тусч байгаа талаар хэн ч мэдээлэхгүй байна шүү дээ. Ингээд би бараг 7 хоног хүлээсэн, мэдээлэл гарахгүй болохоор нь өөрөө бичье гэж шийдсэн юм. Тухайн үед “Euroasia.net монголын талаар мэдээлэл бэлтгэдэг ч, хэсэг хугацаанд зогссон байсан. Тиймээс тэдэнтэй холбогдоод болж байгаа зүйлийг хэлээд нийтлэлээ илгээхэд дуртайяа хүлээж авсан.
-Би таны соёл, урлагийн холбогдолтой нийтлэл, нэвтрүүлгийг мэдэхээс энэ тухай сонсч байгаагүй юм байна.  
-Би энэ орны хөгжил, хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлууд гээд бүх л зүйлийн талаар мэдээлэл бэлтгэхийг хичээдэг ээ. Ер нь монголд гадаадын сэтгүүлчид ирэхээрээ Оюу толгой, Улаанбаатарын асуудал буюу гэр хороолол, ядуурал болон нео-нацистуудын тухай гэсэн гуравхан сэдэвт эргэлддэг. Эдгээр нь мэдээж чухал ч гэлээ, бүх л хэвлэл, мэдээлэлд монголын талаар ийм зүйл нийтлэгдэнэ гэдэг утгагүй шүү дээ. Мэдээж монголд болохгүй зүйл байгаа л даа, надад ч маш их тулгардаг. Гэхдээ хөгжиж буй улс, орон бүрт л ийм байдаг, зөвхөн монголд ч биш. Тийм учраас би арай жижиг, тодорхой асуудлуудад хандахыг хүссэн. Найлахын уурхайд өдөр бүр осол, аваар гарч байдаг, энэ тухай бичсэн анхны гадаад сэтгүүлч нь би болов уу. Бас Хөвсгөл далайн тухай өвлийн улиралд, хүмүүс байгалиа хамгаалахаар хэрхэн тэмцэж буйг гээд цөөнгүй асуудлыг анх харуулсан.
-Харин урлагийн тухай анхны материал тань юу байв?
-Баллетийн тухай нэг материал маань хүмүүст их хүрсэн. Зөвхөн баллетад төвлөрсөн ч гэлээ үүний хажуугаар улам багасч буй Оросын нөлөө монголын баллетын урлагт уламжлагдсан хэвээр байгааг харуулсан. Цаашлаад ДБЭТ бол долоо хоног бүр тоглолт хийдэг, сонгодог урлагийг маш сайн түгээн, дэлгэрүүлж буй газар. Харин монголын тухай гадаадад гардаг материал нь зөвхөн нүүдэлчин ахуйн талаар тэдний соёл, уламжлалыг харуулах зэргээр хязгаарлагдчихдаг. Яг л энд орчин цагийн соёл, сонгодог урлаг гэж огт үгүй юм шиг ярьж, бичдэг нь харамсалтай.
-Монголд сэтгүүлчээр ажиллах хэцүү байдаг уу?
-Тийм ч хэцүү биш гэж хэлэх байна. Учир нь, Монгол улс бол бүс нутагтаа орших цөөн хэдэн ардчилсан улсын нэг. Хоёр хөрштэй нь жишвэл ажиллаж, амьдрахад харьцангуй чөлөөтэй орон. Хүмүүстэй харилцахад ч бас нэг их хүндрэлтэй байдаггүй. Ер нь гомдоллоод байх зүйл үгүй ээ. Харин агаарын бохирдол ч юм уу, тулгамдаад буй ямар нэг асуудлаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд бидний зорилго дээр байгаа хүмүүст, удирдлагуудад дохио өгөх байдаг. Хардаа, иргэдийн чинь 60% нь ийм нөхцөлд амьдарч байна гэхчлэн, тэрнээс биш Улаанбаатарын муу, муухайг харуулах нь онц биш. Тэгтэл хүмүүс үүнийг буруугаар ойлгож, олон нийтийн газарт дайрч, давшилж байсан удаатай. “Муу, сайн гадаадууд манайхыг дандаа муугаар дүрсэлдэг” гээд л. Энэ бүгдээс харвал монголд сэтгүүлчээр ажиллахад хүнд биш ээ, авлигын талаар эрэн сурвалжлага хийхгүй бол шүү дээ. Тэгэхээр ямар асуудлаар сурвалжлага бэлтгэж буйгаас шалтгаална байх. Ер нь Гадаад Явдлын Яам л гэхэд бидэнд сэтгүүлчийн виза олгодог, энэ л гэхэд маш том дэмжлэг шүү.
-Дуу, дүрс бичлэг, гэрэл зураг гээд бүгдийг өөрөө бэлтгэхээс болоод мультимедиа сэтгүүл зүй хэцүү санагдах үе бий юү?
-Бага байхын л манай гэрт компьютерийн програмаа байнга шинэчилдэг, интернэтээс мэдээлэл хайдаг, хэрэгтэй зүйлээ хайгаад олчихдог хүн нь би л байсан. Өнөөгийн ертөнцөд технологи бидэнд мэдээллийг олон янзаар бэлтгэх, түгээх боломжийг олгож байна шүү дээ. Ядаж л DSLR камер байгаагүй бол би хэзээ ч видео хийхгүй байсан биз. Мультимедиагаар ажиллахын хамгийн хэцүү нь чи бүх зүйлд бага зэргийн авьяастай ч, алийг нь ч бүрэн чадахгүй байх. Аргагүй шүү дээ, нэг дор олон зүйлд төвлөрөх шаардлагатай болохоор. Би хэдийгээр гэрэл зураг дарж, дүрс авч, дуу бичлэг хийдэг ч  гэлээ зэрэг бүгдийг нь хийж чадахгүй. Хэрэв видео хийх юм бол тэр нь видео нэвтрүүлэг л болдог, нийтлэлээ бүр дараа нь бичдэг. Ингээд бодохоор мультимедиа сэтгүүл зүй хэцүү шүү, маш олон талын ур чадвар шаардана. Гэхдээ бас олон боломж олгоно, ялангуяа надад. Учир нь би аян замын тэмдэглэл бичдэг байхад нар жаргаж байгааг, хүмүүсийг гээд маш олон зүйлийг уран сайхнаар дүрсэлдэг байлаа. Харин эрчтэй, мэдээллийн сэтгүүл зүйд тийм орон зай байхгүй. Тийм учраас гэрэл зураг, видеод тэр бүхнийг үггүйгээр илэрхийлж болно.
-Таныг Улаанбаатарт дугуйтай аялж ирснийг мэднэ. Хүн төрөлхтөн алхахаа болиод машиныг, цаашлаад галт тэрэг, онгоц гэхчлэн аль болох хялбар, дөт замыг эрэлхийлж буй энэ үед сонирхолтой шийдвэр байна шүү.
-Би багаасаа л олон газарт очихыг хүсдэг, аялахыг хүсдэг байсан. Тэр мөнгөө олохын тулд шаргуу ажиллаж, радиод 3 жил ажиллаж овоо мөнгө хураасан. Тэгээд Энэтхэгээр аялж, Гималай руу явж, Бутанаар бас явсан. Тэр бүрт ууланд авирах, дугуйтай аялах зэрэг нь надад маш сайхан санагдаж байсан. Эргэж ирээд ажиллаж байхдаа монголд очих бодлоо орхиогүй л байлаа. Тэр үед би найз залуутайгаа танилцаж, мөрөөдлөө хэлсэн. Харин тэр тэгвэл яагаад дугуйгаар явж болохгүй гэж гэсэн юм. Би ч бас тэрхэн үед яагаад болохгүй гэж бодсон. Тэгээд л Тайланд явж дугуй аваад наашаа аялсан даа. Лаос, Вьетнам, Хятадаар дайраад ирсэн. Ер нь аялал гэдэг олон улс, орноор орохын тулд, пасспортондоо олон тамга даруулахын нэр биш. Дугуйгаар аялахдаа мэдсэн зүйл минь эх газраас авах тэр мэдрэмж. Мэдээж өндөр уул, бартаат зам таарахад бууж өгмөөр, уйлмаар гээд олон зүйл тохиолдоно. Гэхдээ нэгэнт замд гарсан бол туулахаас аргагүй. Ер нь энэ бол нэг бодлын бадарчлал шүү дээ. Олон тосгон, сууринаар өнгөрнө, тэр бүхэн нүдийг чинь нээнэ. Жуулчдын очдог алдартай гэх түгээмэл газруудад очоод, парти хэсээд явахаас ядаж л дугуйгаар аялах нь чамтай өөрийгөө танихад тусална. Яагаад та нар Баянхонгор луу 10 хоног дугуйтай явж болохгүй гэж? Тайландын парти арлууд руу 14 хоног аялахаас хамаагүй сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
-Олон орны соёл, уламжлалтай танилцах нь ертөнийг үзэх үзэлд ч нөлөөлдөг байх.
-Аялах тусам уулын цаадах зүйлд сонирхол татагдаж, өөр бүхнийг үзээд явах нь сайхан. Гэхдээ эцэст нь бодоод үзэхээр, ертөнцийн төгсгөл боллоо гэхэд хүн төрөлхтөн бид бүгд л ижил юм байна гэдгийг ойлгосон. Бид нэгнээ хайрлах, түүнийгээ хуваалцах гээд мөн чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Хэдийгээр бүхий л соёл өөрийн онцлогтой, өвөрмөц ч гэлээ тэр нь дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээд аж төрөх хэлбэр болохоос, бидний дотоодыг уудлахын цагт нэг л шинж бий гэдэгт итгэсэн.
-Хүмүүс сайхан амьдралыг амжилтанд хүрэх гэхчлэнгээр зорьдог. Таны хувьд амжилт гэж юу вэ?
-Амжилт гэж хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг л хэлэх болов уу. Бас түүгээрээ амьдралаа залгуулах мөнгө олж байна шүү дээ. Яг өөрийнхөө өнцгөөс харах юм бол амжилт гэдэг үнэн голоосоо хийхийг хүссэн зүйлээ хийж чадах, тийм боломжтой байх, түүгээрээ амьдралаа авч явахыг хэлэх юм уу даа. Нэг ёсондоо заавал карьер, албан тушаал гэлтгүйгээр хүсэл, тэмүүллээ амьдралаа болгох тэр боломж. Намайг амжилттай хүн үү? Гэж асуувал би бүрэн дүүрэн тийм гэж хариулахгүй ч, сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс намайг монголд ажилладаг, улиг болсон түгээмэл зүйлийн талаар бичдэггүй, дажгүй видео хийчихдэг сэтгүүлч Пеарли Жекоб гэдгээр бага ч гэсэн мэддэг болсон. Гэхдээ би монголд хийхийг хүссэн зүйлийнхээ 75 хувийг л амжуулсан байх, өөр олон зүйлийг гадагш нь таниулмаар байгаа ч нэгэнт явах болсон минь харамсалтай.
-Танд гэрээ санах үе бий юү?
-Энэтхэг маш том улс, тэр хэрээр олон соёлын нэгдэл. Миний өссөн газар болон явсан газрууд минь хоорондоо тэс өөр. Надад ер нь эх орон, гэр минь гэх сэтгэгдэл нэг их байдаггүй. Би гэрээ санадаг уу гэвэл санадаг, хоол, хүмүүс гээд санах зүйл бишгүй. Гэхдээ Энэтхэг гэх орныг бүхлээр нь санана гэвэл үгүй. Би олон оронд амьдарсан, тэр бүрт миний хэсгүүд бий. Тийм учраас нэгэн бүхэл нутаг, орныг гэхээс илүү аливаа дурсамж, түүнтэй холбоотой газрыг л санадаг.  
-Тэгвэл таны энэ аялал хэзээ ч дуусахгүй нь ээ?
-Залуу байхад нүүгээд л байх нь амархан санагддаг байж. Учир нь би хоёр соёлын нийлмэл гэр бүлээс гаралтай. Аав, ээж хоёр мааны өөр үндэстэн, өөр соёл, өөр хэлтэй хүмүүс. Бид маш их нүүдэг, тийм болоод ч би монголчууд шиг яг нэг газрыг миний төрөлх нутаг гэж хэлж чаддаггүй. Тэгээд үүнээс болоод би их тогтворгүй зантай болчихсон санагддаг. Монголд анх ирэхдээ би 6 сар болно л гэж бодож байсан ч, одоо 4 жил болж байна шүү дээ. Ингээд бодохоор би нэг газраар дайрч өнгөрөөд явах сонирхолгүй, тэгэх юм бол зүйл бүхэн нь түр зуурын адал явдал  болоод л өнгөрнө. Харин тухайн улс, орныхоо нэгээхэн хэсэг нь болоод, хийж бүтээх үйл явцад нь оролцоод таньж мэднэ гэдэг сайхан. Гэхдээ мэдээж би нэг өдөр хаа нэгтээ суурьшиж, байнгын гэртэй байхыг хүсдэг. Тэгвэл энэ урт аялал маань тэр газраа олох эрэл, хайгуул минь байх болно.


"Үндэстний Тойм" сэтгүүл.  

“Гэрэл зураг авахад тухайн мөчийг тааруулж дарна гэдэг хэцүү. Аав, ээжийн зургийн цомгийг үзэхэд нүдээ аньсан зураг ер нь харагддаггүй. Одоо бол маш олон зураг аваад л байдаг, тэгсэн хэрнээ л нааш цааш харсан, нүдээ аньсан гээд олон “өөтэй” зураг байсаар л байна. Бид дахиад авчих юм чинь гэж найдаад тухайн агшинг алдчихдаг, залхуу хүмүүс болоод байх шиг” хэмээн гэрэл зурагчин найз минь ярив. Нээрэн л дижитал камер, харьцангуй өндөр нягтаршил бүхий чадвартай гар утасны камер гээд технологийн ачаар хүн бүр дурсамжийн хэсгээ мөнхлөх боломжтой болсныг дэлхий даяарх 2,6 сая гаруй тэрбум гар утасны камер, Фейсбүкт сар бүр нийтлэгдэх 6 тэрбум зургаар баталж болно. Энэ бүхнээс үзвэл өнөө цагийг гэрэл зургийн түүхэнд “алтан үе” гээд тэмдэглэж болмоор. Тэгтэл энэ “гайхалтай” үед та хамгийн сүүлд тогтож сууж зураг үзсэн, эсвэл гэрэл зургийн үзэсгэлэнг зорьсноо санаж байна уу? Мэдээж Инстаграм, Фейсбүкээс өдөр бүр зураг үзэж байгаа ч хэн нэгний өөрийгөө дарсан зураг, идсэн хоол, өмссөн хувцас гээд хязгаарлагдаж байгаа нь үнэн.
  Тэгвэл гүн ухаантан Аристотель жижиг нүхээр тусах гэрэлд хананд нь дүрс буухыг үзсэнээс хойш гэрэл зураг хөгжсөөр урлаг басхүү шинжлэх ухаан болоод буй. Энд урлаг гэхийн утгыг та гял, цал өнгөөр “зодсон” сайхан зохиомжит зурагтай андууруузай. Харин бидний дотоодод сэрэл, мэдрэмжийг төрүүлэх уран бүтээл байх учиртайг тодотгож буй хэрэг. Бүтээлч буюу “creative” зураг авах энэ оролдлого манайд бийг интернэтээс харж болох ч, мэргэжлийн зурагчдын бүтээлтэй хэрхэн танилцах нь таавар мэт гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд байнгын ажиллагаатай уран зургийн галлерей олон болсон ч, гэрэл зургийн үзэсгэлэн тогтмол гаргах зай талбай улам л хомс болоод байна. Нөгөө талаас гэрэл зураг тодорхой агуулгыг эрэлхийлж, бидний мэдээгүй ертөнцийн өнгийг таниулж өгдөг. Баримтат гэх энэ зургийн тухайд гэрэл зурагчин Д.Давааням “Дэлхий даяар гэрэл зургийн хандлага нь бидний нэрлэж дадсанаар цуврал зураг болсон. Нэг асуудлаар, тодорхой сэдвээр дагнан фото нийтлэл байдлаар зураг авах хэлбэр олон улсад төлөвшөөд байна. Мөн гэрэл зургийн мультимедиаг дурдахгүй байж болохгүй” гэв. Энэ яриатай уялдаад Хонг Конгийн Түүхийн музейд гэхэд гэрэл зургийн үзмэрийг слайдшоу байдлаар хүргэхийн хажуугаар медиа элементүүд ашиглан үзэгчдийг зураг дотор “оруулж” байсан нь санаанд буух аж. Мэдээж энэ тухай ярихад нөгөө л мөнгө, санхүүгийн асуудал тулгардаг нь тодорхой. Тэр дундаа гэрэл зургийн жижиг хэрэгслээс эхлээд шаардлагатай бүхий л хэрэглүүрүүд нь харьцангуй үнэтэйн дээр уран бүтээл бэлэн болгоход цаг хугацаа, хөдөлмөр багагүй зарцуулдгийг бид мэднэ. Харин сүүлийн жилүүдэд олон улсад зурагчид ямар нэг сэдэв сонгоод гэрэл зураг бэлтгэх төсөл бичээд явуулахад түүнийг дэмжих хөтөлбөр, тэтгэлэг, байгууллага харьцангуй олшроод байгаа гэнэ. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд “Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Баримтат гэрэл зураг төсөл”-д манай улсаас “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж шалгарсныг тэд сайтдаа зарласнаар тэрбээр хагас жилийн хугацаанд гэрэл зургийн сургалт, дадлага ажил зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм.
  Нэг гэрэл зургаар 1000 үгийг илэрхийлж болно гэдэгчлэн тэр нэгэн агшин хүний сэтгэлд уйлах, баярлах, эсвэл ор хоосон мэдрэмжийг төрүүлж ч болох. Тэгвэл олон нийтийн сүлжээн дэх амьдралын хэв маягийн “сурталчилгаа” болсон фото нь хүмүүсийн мэдрэмжийг хөглөхөөс илүүтэй бусдаас өөрийгөө дутууд тооцох сэтгэл гутралд автуулж байна гэх саяхны судалгааг та санаж байгаа байх. Харин гэрэл зургийн дотоод ангиллыг сонирхогчдын, уран бүтээлийн, шинжлэх ухааны, болон арилжааны гэхчлэн ерөнхийлдөг юм билээ. Манайд өнөөдөр түгээмэл болоод буй арилжааны зургийн талаар зах зээлд хамгийн эрэлттэй төрөл нь эвент буюу үйл ажиллагааны зураг гэдгийг “Студи-3”-ын гэрэл зурагчин Э.Ууган-Эрдэнэ онцолж байсан юм. Томоохон байгууллагын ёслолын үйл ажиллагаа, шоу, партины зураг авалтаас гадна бүтээгдэхүүн, зурагт хуудсын захиалга ч багагүй байдаг гэв. Харин уран бүтээлийн фотогийн тухайд зурагчид ингэж тайлбарлаж байна.  

  “Nude Art” гэрэл зургийн тухайд (Dark side of the Moon блог)
-Энэ төрлийн зураг авах санааг яг үнэндээ өөрийгөө толинд харахад төрсөн гэж болно. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний нүцгэн биеийн үзэсгэлэн гэдэг гайхалтай шүү дээ. Тийм ч учраас гэрэл зургаар дамжуулж түүнийг илэрхийлэх биш бүр мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь, манайд одоогоор хүний биеийн аль нэг хэсэг ил гарсан л бол “nude art” зургийг эротик зурагтай холих тохиолдол бий. Энэ бол маш том эндүүрэл. Уг нь зургийг харахад л аль нь гэдэг илэрхий байдаг юм. Гэхдээ би цаашид энэ төрлийн зургаа дарна аа, камераа даахгүй болтлоо авна. 

  “Art” зургийн тухайд (“Гоодаль” сэтгүүлийн гэрэл зурагчин Саарал)
-Би улиг болсон зүйлсээс аль болох зугтаж, өөр төрөл, өөр хэлбэрийг илэрхийлэх дуртай. “Art” зургийн онцлог нь сонин содон, өвөрмөц, эгэл биш, эсвэл бүр эсрэгээрээ уйтартай байж болно. Ер нь тухайн үед төрсөн мэдрэмжээрээ зураг авдаг, харин тэр бүтээлийг хүн бүр өөрийнхөөрөө тайлаад тус тусынхаа бодолтой үлдэнэ байхдаа. Миний зургийн нийтлэг тал нь ихэвчлэн хар, цагаан өнгөтэй минимал аястай байдаг. Өөрийнхөө ертөнцийг нэг өнгөөр илэрхийлбэл өнгөгүй, бүүдгэр саарал гэнэ, учир нь хар цагааны завсарт бүхий л зүйл байгаа мэт санагддаг. 

  Баримтат зургийн тухайд (“Батзориг” сангийн гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Давааням)

-Манайд сүүлийн үед гэрэл зураг эрчимтэй хөгжиж, төрөлжиж байгаа ч баримтат гэрэл зургийн түвшин хангалтгүй байна. Энэ төрлийг ерөнхийд нь мэдээний буюу үйл явдлын болон ахуй амьдралын гэх байдлаар ангилж, миний ихэвчлэн хувьд хоёр дахь хэлбэрээр нь зураг авч нийгмийн тодорхой асуудлыг хөндөж, гаргахыг зорьдог. Мөн авсан зургаа уншиж сурах их чухал, аль талаас нь яаж авч, гол санаагаа хэрхэн илэрхийлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ялангуяа, хүмүүс гэрэл зурагт маш их сонирхолтой болж, нийтийг хамарч байгаа ч дарсан бүхэн зураг биш шүү дээ. 

  Монголын тухайд гадаад зурагчны нүдээр (“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Мараекэ Гунше)
Гандангийн хуучин эд зүйлс, судар бүтээлийг сэргээн засварлах үеэр.
-Монголд хүний эрхийн тухай асуудлаар зураг авахаар анх ирж байсан юм. Түүнээс хойш гэр бүлийн хүчирхийлэл, гэр хорооллын ахуй амьдрал, эмэгтэйчүүд, ижил хүйстнүүдийн эрхийн талаар гээд олон зураг авсаар байна. Миний бодлоор монголд арилжааны болон улс төрийн сэдэвт зураг сайн хөгжиж байгаа ч тодорхой өгүүлэмжтэй, фото нийтлэл дутмаг санагддаг. Гадны байгууллагууд ч надад нүүдэл, уул уурхай, эдийн засгийн байдалтай холбоотой зураг захиалдаг. Харин би монголын тухай цорын ганц зураг ав гэвэл тэр нь хүмүүс байх болно. Барууны тогтсон, уйтгарт нийгэмтэй харьцуулахад монгол орон өөрчлөгдөж байна, хүмүүс өөрчлөгдөж, хөгжиж байна. Тиймээс одоогоор гэрэл зурагчны хувьд ажиллахад хамгийн тохиромжтой газар бол Монгол.

Төрөл, жанрын хувьд ийнхүү өнгө, төрхөө олохоор эрэлхийлж буй гэрэл зургийн тухайд тэд ийнхүү тайлбарлалаа. Харин түүхийн хуудаснаа “Фотографи” гэх үгийн үүслээс хөөвөл эртний грекийн “Гэрлээр зурах” гэсэн утгаас үүдэлтэй юм билээ. Орчлонгийн бүхий л юмс гэрлийн нөлөөгөөр та бидний нүдэнд “амилдаг” болохоор тэр биз.  Тэгвэл үзэгч, гэрэл зурагд шимтэгчид мэргэжлийн уран бүтээлчдийн зургийг харж, мэдэрч, дотооддоо “амилуулах” тэр цаг хэзээ вэ?

(Нийтлэлд оруулсан дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул шаардлагатай тохиолдолд холбогдож гэрэл зурагчдаас зөвшөөрөл авахыг сануулж байна.)
     
      Миний доторх бяцхан охин 16 нас хүрсэн тэр мөчөөс эхлэн би 30 насны төрсөн өдрөө хуруу даран хүлээх болов. Гэхдээ тийм ч сайхнаар биш л дээ. Харин нас нэмэх бүрт загварын ертөнц надаас холдож, тэр сэдэв надаас улам бүр дайжина гэж бодох л урамгүй санагддаг байсан юм. Тэгсэн нэг өдөр 80 настай Молли ягаан өнгийн хослолыг дэгжин өмсч, 78 настай Линн хар, цагааныг хослуулан гоёмсог зүүлтээр гангарсныг хараад мэл гайхаж билээ. Тэд цогтой, өнгөлөг харагдахын зэрэгцээ “ахмад” гэх хуучин үгийг нэн загварлаг болгосон байсан. Дэлхий ертөнцөд, тэр дундаа загварын ертөнцөд энэ “шинэ” үеийг тунхаглагч нь 30 настай загвар зохион бүтээгч Ари Коэн ба түүний “Advanced Style” блог юм. Тавин нас хэдийнэ ард хоцорсон ч загварлаг харагдах боломжтой төдийгүй нүд унагам гайхалтай байж болохыг тэр харуулахыг хичээж буй. Загвар өмсөгчид 30 нас хүрээд л “тэтгэвэрт гардаг” энэ ертөнц хийгээд ерөөс нас-загвар гэх өвөрмөц харилцааг тэр чинээнд нь хүртэл “найрсгаар” зохицуулдаг гэжээ.
            Загварыг хүлээн авах бидний байдал нас болоод хэмжээний хооронд үеийн үед төөрөлдсөөр ирсэн. Нас биед хүрсэн нь илэрхий буюу боловсорсон жимс мэт гэгдэх бүсгүйчүүлийн дүр 60-аад оны үед ид мандаж, загвар өмсөгч залуухан охид хэдэн нас “нэмэхээс” огт татгалздаггүй байв. Харин үүний дараа хүүхэд шиг царайтай, нарийхан биетэй моделууд үнэлэгдэх болж өнгөрсөн 20 жилийн дотор л гэхэд тайзны моделийн өмсгөлийн хэмжээ 6-8 байснаа 0-2 хүртэл огцом буурчээ. Ер нь бүх л салбарт энэ үзэгдэл бий болж загварын агентлагууд хэт туранхай охидыг нүүр, царайгаа болгосоор байна. Тиймдээ ч энэ нь эгэл амьдралаас хол тасархай, хуурамч ертөнцийг бүтээж байгаа нь харамсалтай. Тиймээс бидэнд хэрэгтэй шинэлэг, сүүлийн үеийн хандлага нь насны бүлгийн хувьд ахимаг үе юм гэж Ари Коэн үзсэн байна.
            Түүнчлэн “Baby Boomer /1946-1964/ үед төрөгсөд хувцас, загварын салбарын хамгийн идэвхтэй худалдан авагчид буюу тэд жилд 47 тэрбум долларыг гоёл, сэлтэд зарцуулдаг байна. Нэг ёсондоо “Бид хамгийн чинээлэг, томоохон бас идэвхтэй хуалдан авагчид шүү” гэдгийг 59 настай модель Синди Жозеф хэлсэн билээ.
            Коэн блогтоо “ахимаг стиль” гэгч нь олон нийт төдийгүй мэргэжлийн салбарт ч дэлгэрч, нас-загвар гэдэг нь зүгээр нь худалдааны харилцаа бус харилцан, зохицож буй тухай бичжээ. Тэрбээр эмээтэйгээ дотны найзууд бөгөөд түүний насныхныг хараад хүмүүс хөгшрөх тусмаа эерэг, сайхныг олж харах, хичээх нь багасч буйг ажигласан аж. Тиймдээ ч блогоо “Хөгшрөлтийг шинэ өнцгөөс, гэрэлтэйгээр харах урам өгнө” хэмээн тодотгон “Настай хамт олон гайхалтай зүйл ирдэг” гэв. Түүнчлэн шинэ загвар, өнгө төрхийг бий болгох нь бие даасан, хувь хүний үзэл бодол байдгийг ч тэр мэдрэн зорилтот хүлээн авагчиддаа номоо хэвлүүлж, тэр ч бүү хэл баримтат кино бэлтгэжээ.

            Коэн энэ алхмаараа “цахиур хагалж” байх зуурт бусад нь ч бас зүгээр суусангүй. Залуу, цоглог моделиудаараа алдартай, хипстер брэнд болох “American Apparel гэнэтийн өөрчлөлт хийж “Advanced Basics кампанит ажил өрнүүлэн багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Гэвч үүнийг үл харгалзан 61 настай моделийн өндөр түвшний бас чөлөөт гээд олон хэв маягийн зурагт хуудас гаргажээ. Тэдний зорилго нь хэний ч төсөөлөөгүй шинэ зах зээлд гарах, аль эсвэл анхаарал татах, аль нь ч бай хөгшрөлтийн үр, ач хувцас, загварын ертөнцөд бий гэдгийг харуулсан юм.
            Өндөр зэрэглэлийн брэндүүд ч энэ зах зээлд шууд тэмүүлээгүй ч, ядаж оролдлого хийснийг харж болно. Marc Jacobs гэхэд өнгөрсөн оны коллекцдоо Глорио Вандербиль, Синди Шерман зэрэг бэлгэ тэмдэг болсон моделиудтайгаа хамт Коэны блогийн “загвар өмсөгч”-ийг алхуулсан билээ. Үүний үр дүн хэрхэн гарсныг мэдэхгүй ч, Marc Jacobs энэ шоунаас болж шуугиан дэгдээсэн нь “хөгшчүүлээс” болж биш харин 16-аас доош насны охидод загвараа өмсүүлсэн нь байсан юм. Үүнийгээ тэрбээр “Би шоугаа хэн нэгний хэлснээр биш өөрийнхөө бодсоноор хийдэг” хэмээн тайлбарласан удаатай.

            Ямартай ч, Коэны энэ мэт оролдлогууд цөөнгүй хүнийг алга ташихад хүргэж буй. Хар, цагаан гоёлоор дэгжирхсэн Линн “Би бүхнийг хийж чадна, би хүссэнээрээ хувцаслаж, хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байх болно” хэмээж байлаа. Тэгвэл Коэн өөрийнхөө ирээдүйн тухайд “Лос Анжелес Таймс”-д өгсөн ярилцлагадаа “Бид бүгд л хөгширч байна. Ингэж хэлэх нь би үүнийг тэсч ядан хүлээж буй хэрэг биш, зүгээр л би үүнтэй эвлэрч чадна гэсэн үг юм” гэв. Түүний моделиудыг харсны дараа би ч бас тэгж бодох болсон. Линний хэлсэнчлэн “Бид нас ахих тусам, илүү дээр болдог” ч юм бил үү. 
"Гоодаль" сэтгүүл. VII, VIII сарын дугаар. 

            “Толь минь, толь минь, хорвоо ертөнцөд хэн хамгийн үзэсгэлэнтэйг хэлээч?” Ирээдүйд энэ асуултад хариулт хүлээх, өөр нэгэнтэй үзэмж, гоогоор уралдах шаардлага нэгэнт үгүй болох нь ээ. Даруй 10 жилийн өмнө нүдэнд давхраа хийх, хамар өндөрсгөх зэрэг нь зөвхөн оддод зориулсан үйлчилгээ байсан бол өдгөө эдгээр мэс ажилбар өдөр ирэх бүр түгээмэл болж, тэр хэрээр үнэ, хөлс нь ч хямдарч байна. Гоо сайхны мэс заслын “өлгий” гэгдэх БНСУ-д л гэхэд давхраатай, алаг нүдгүй хүн үгүй болж барууны маягийн өндөр хамар мода биш, хэдийнэ ердийн л төрх болсон нь илэрхий. Бид ч ялгаагүй нялх үрээ “Ээжийнхээ зузаан уруулыг дуурайхгүй яав даа” хэмээн халаглах, харамсахын дундуур хэлдэг байснаа больж, том болохоор нь “мэс засал” хийлгэчих нь гээд додигор суудаг болсон. Ингээд бодохоор хожим, хойдын гэх ч, ердөө 20 жилийн дараа л гэхэд хорвоо, ертөнцийн бүх хүн хөөрхөн “төрөх” албатай болох нь гарцаагүй.
            Гэвч хөөрхөн сайхны энэ үнэлэмжийг хэн, хаанаас тогтоосон юм бол оо? Онигор нүд, өргөн нүүр муухай гэж хэн үзээд, цайвар царай, дүрлэгэр алаг нүдийг сайхан гэж хэн хэлчихэв? Өнгөрсөн цаг үеийг эргэн харвал энэ бүхэн эрт үеэс л хэн хүчирхэг, түүнийг дагадаг байсантай холбоотой болох нь. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн философичдийн түүхийг л гэхэд Фалесаас эхлүүлж, бүх л шинжлэх ухааны үндсийг латинаар тэмдэглэж, одоо цагт ч загвар, урлагийн төв нь Европт ноёлж, хүмүүс бид барууны бүтээсэн ертөнцөд хөлөө олох гэж хичээж буй. Тиймдээ ч, тэдний бүтээсэн, тэдэнд байгаа зүйлсийг сайханд тооцон биширч, царай төрхөө ч тэдэнтэй ижилсүүлэх гэж чармайж байгаа мэт. Тэр дундаа азийн олон оронд солонгосоос үүдэлтэй сайхны төлөөх тэмүүлэл япон, хятадаар өртөөлөн давамгайлж байна. Ажилд ороход мэдлэг, чадвараас илүүтэй гадаа төрх “оноо” болж бидний хэлдгээр “царай харах” болсныг хаа сайгүй бичиж байна. БНСУ-д Сөүлийн үндэсний их сургуулийг ижил голчтой төгссөн хоёр залуугийн нуруулаг бөгөөд өөгүй царайтай нь сайн ажилд орох магадлал хавьгүй өндөр гэдгийг “Men’s Health” сэтгүүлд бичжээ. Тэдний судалгаагаар 25-37 насны солонгос залуусын 86% нь царайлаг болоод өв тэгш бие галбиртай бол сайхан ирээдүй хүлээж байгаад итгэдэг гэсэн байна. Цаашлаад гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүмүүсийн багагүй хэсгийг эрчүүд эзлэх болсон төдийгүй энэ тоо, хэмжээ бага багаар нэмэгдсээр байгаа нь сонирхолтой. Зарим эмнэлэгт бүр үйлчлүүлэгчдийн гуравны нэг нь эрэгтэйчүүд болсон гэнэ. Тэдний түгээмэл хийлгэдэг хагалгаа нь бүсгүйчүүдийн адил давхраа болон хамар өндөрсгөх аж. Өөрөөр хэлбэл гоо сайхан гэх үг бараг л зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай мэт ойлгогдох үе өнгөрч, сайхны талаарх үнэлэмж нь эрэгтэй, эмэгтэй хүнд ижилхэн болоод байна. Сүүлийн хорин жилд “Miss Universe”-т оролцогчид улам л барууны төрхтэй болж хэн нь ази, африк, европоос ирснийг ялгахад хэцүү болсныг зохион байгуулагчид дурьдаж байв. Мөн косметик хагалгааны нөлөөгөөр царай, зүсээ хэт европжуулах болсон солонгос оддын нөлөөгөөр азиудын дунд гоо сайхны стандарт нь барууны төрх гэдгийг тунхаглаад буй юм.
            Энэ мэтчилэн бодвол ойрын ирээдүйд ертөнц даяарх хүмүүс ижил төрхөд автаж мэдэхээр байна. Тэгээд бүгд адилхан, бүгд ижил царайтай болохоор гоо сайхны үнэлэмж юу болох вэ? 
            Энд нэг сонирхолтой хариулт бийг судлаач Чарли Хо “Барууны нийгэм дэх гоо сайхны тухай” эсээндээ бичжээ. Тэр бол хүн төрөлхтний хэзээнээс ярьсаар ирсэн дотоод гоо сайхан. Хүний сайхан сэтгэлд нь, дотоодод нь байдаг гэж бүхий л шашин хийгээд суутнууд сургаж, хэлж ирсэн ч бид нэгнийгээ “хувцсаар нь угтсаар” байсан. Харин төд удалгүй хүмүүсийн гадаад төрхөд ялгаа үгүй болсноор, бие биедээ татагдах, шохоорхох явц нь өнгө, үзэмжид биш бодлын чанад дахь сэтгэлийн хэлхээгээр дамжих болно. Нэрт найрагч Халиль Жебран “Хүний сайхан царай төрхөд биш, зүрхэн дэх гэрэлд буй” гэснээр мөдхөн “гоо сайхан”-ы гэрлийг бид гадаадаас бус дотоодоос эрэх аялалд гарах аж. 
IMG_3981IMG_3970IMG_3957IMG_3952IMG_3950IMG_3948
IMG_3938IMG_3918IMG_3916IMG_3915IMG_3898IMG_3848
IMG_3835IMG_3828IMG_3822IMG_3799IMG_3794IMG_3788
IMG_3785IMG_3784IMG_3675IMG_3669IMG_3658

Playtime, 2013, a set on Flickr.
Playtime наадмын үеэр авсан гэрэл зургууд.
 "Гялбаа" сэтгүүл, 6-р сарын дугаар. 

           Үндэсний роботын аварга шалгаруулах “Робокон” гэх наадам манайд зохиогдох болсноор инженерчлэл, электроникийн ухааныг энгийн олонд таниулж, хүүхэд багачууд ч тэр чиглэлд сонирхох болсон болов уу гэж би боддог юм. Түүнээс хойш нисэх, авто, усан  загварын улсын ураалдаан гээд энэ чиглэлийн тэмцээн олон төрлөөр явагдах болсон. Тэгвэл энэ хавар буюу өнгөрсөн сард манай улсад “кансат”-ын /cansat/ аварга шалгаруулах анхны тэмцээн болсон билээ. Англи хэлний лааз буюу “can”, хиймэл дагуул буюу “satellite” гэх үгсийн товчлолоор нэрлэсэн энэ төхөөрөмж нь агаарт 400 метр хөөрч, олон талын мэдээллийг цуглуулан, илгээх тэр ч бүү хэл шууд дүрс бичлэг дамжуулах чадвартай аж. Анх удаа зохион байгуулсан энэ уралдаанд 6 баг оролцсон бөгөөд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн “Тэмүүлэл” багийнхан аваргалжээ. Бид “Мэргэжилтэн” булангийнхаа энэ дугаарт багийн ахлагч Г.Мөнхжаргал болон гишүүн Г.Буян-Өлзийтэй ярилцсан юм.
Гараа
            Хоёр зочинтойгоо цаг товлон уулзахаар хэд, хэдэн удаа ярьлаа. Тэд Нисэх техникийн механикийн ангийн III, IV ангийн оюутнууд бөгөөд хаврын шалгалтууд нь эхэлсэн тул цаг багатайгаа учирлаж байв. Ер нь шалгалтын үе гэлтгүй тэд клуб дээрээ үргэлж л цаг, наргүй ажилладаг гэлээ. Тиймдээ ч сайн инженер болж амжилт үзүүлэхийн үндэс нь шаргуу хөдөлмөр гэдгийг Г.Буян-Өлзий үргэлж хэлнэ. “Би дунд сургуульд байхаасаа л техник, технологид сонирхолтой, усан загвараар хичээллэж байсан. Ер нь Хөдөлмөрийн хичээлийн багштайгаа “нөхөрлөж” энэ чиглэлд татагдсан. Удалгүй Техник, технологийн улсын олимпиадад тэргүүлснээр ТИС-ийн энэ ангид урилгаар орсон” гэж байв. Харин Г.Мөнхжаргалын хувьд багаасаа л эрэгтэй хүүхдүүдийн адил тоглоомоо эвдээд үзчихдэг, машин тэргэнд хорхойсдог байсан нь илэрхий. Тиймдээ ч их сургуульд орохдоо Нисэх, техникийн механик гэсэн ангийн нэрийг хараад сонгон элсчээ. Гэхдээ тэр үед том онгоц төсөөлөөд, “Чингис Хаан” нисэх онгоцны буудлын тухай бодсоор орсноо нуусангүй. Удалгүй нисэх загвартай ажиллаж эхэлснээр “хөрсөнд бууж”, үүнийг сайн хийгээд сурчихвал том онгоцноос ялгаагүй юм байна гэж бодох болжээ.
Инженерчлэлийн тухайд
Г.Буян-Өлзий: Дунд сургуулиудад энэ чиглэлийн клубууд байдгийг мэднэ. Гэхдээ клуб болж ажиллахаас илүү багш нь ганцаараа хичээж, гүйгээд л таардаг. Харин сүүлийн жилүүдэд техник загварын тухай телевизийн нэвтрүүлгүүд хийж байгааг хараад сайхан санагдах болсон. Андуураагүй бол саяхан МҮОНТВ-ээр Техник, технологийн улсын олимпиадын тухай гарч байсан. Энэ нь хүүхдүүдэд багаас нь техникийн талаар мэдлэг олгох, энэ чиглэлийн мэргэжлийг сурталчилж, таниулах давуу талтай байх.

Энэ салбарын хөгжлийг хэрхэн хардаг вэ?
Г.Мөнхжаргал: Энэ ангид суралцаж байгаа хүүхдүүд бол ирээдүйд монголын нисэхийн өнгө төрхийг тодорхойлно гэж боддог. Онгоцны засвар үйлчилгээ, хөдөлгүүр ашиглалт гээд бүх зүйлсийг бид эх орондоо хийх боломжтой болно. Бид урьд нь үйлдвэрлэсэн газар эсвэл худалдаж авсан газартайгаа харилцаж эдгээр үйлчилгээг хийлгэдэг байсан юм билээ. Энэ байдал аажмаар багасч өөрсдөө хийдэг болж байгаа ч бүрэн үйлчилгээ үзүүлэх арай болоогүй. Тийм л хүсэл эрмэлзэлтэйгээр суралцаж байна.
Г.Буян-Өлзий: Жижиг загварын онгоцонд том онгоцны бүх л тооцоо ордог. Аэродинамик чанар, татах хүч, далавчны хөндлөн огтлол гээд бүгдийг нь анхаарах хэрэгтэй болдог. Тийм болохоор загвараар сайн хичээллэж, түүнээс л том онгоцны талаар ойлголтыг авах боломжтой. Мөн мэргэжилдээ дурлахын тулд загвараар хичээллэх нь чухал. Тиймдээ ч энэ чиглэлээр сонирхох хүүхдүүдийн тоо өсч байгаа нь сайн хэрэг. Техник, технологийн улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд ШУТИС урилга өгөхөд 10 нь Нисэхийн ангид орсон шүү.

Кансат гэж юу вэ?
Г.Буян-Өлзий: Энэ төхөөрөмж нь үндсэн дөрвөн даалгавартай хөөрдөг. Үүнд, GPS-ээр байрлалаа хэлэх, агаарын даралт болон температурыг хэмжиж мэдээлэх, видео бичлэг хийж бууж ирэх зэрэг багтна. Манай кансатын хувьд бичлэг хийхдээ шууд дамжуулах мөн агаар дахь чийгшилт ба угаарын хий буюу CO2 –ыг хэмждэгээрээ давуу талтай байсан. Мөн манай Г.Мөнхжаргал өнгөрсөн жил Испанид болсон олон улсын кансатын тэмцээнд түрүүлээд ирсэн учраас туршлагын хувьд ч арай илүү байсан байх.
Г.Мөнхжаргал: Энэ тэмцээнд түрүүлснээр бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Ирэх есдүгээр сард АНУ-д болно. Мөн нэг баяртай мэдээ дуулгахад 2015 онд манай улс чөлөөт нислэгийн ДАШТ-ыг эх орондоо зохион байгуулах эрх авсан.

Хэрэглээн дэх ашиг тус
 Г.Мөнхжаргал: Энэ жилийн кансатын тэмцээн нь нийгэмд хэрэгтэй зүйлд ашиглая гэсэн уриатайгаар зохиогдсон. Тиймдээ ч ихэнх багууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахуйц, түүний нарийн шинжилгээ тооцоог хийхэд зориулсан бүтээл хийсэн нь харагдсан. Манайх гэхэд нүүрстөрөгчийн хийг хэмжиж бүхэл утгаараа гарч ирсэн. Үүнийг Цаг уурын төвтэй хамтарч боловсруулж, хөрвүүлэх ажил үлдээд байгаа.

Ирээдүйн тухай бодол
Г.Мөнхжаргал: Кансат бол хиймэл дагуулан анхан шатны хэлбэр юм л даа. Энэ уралдааныг нэрлэхдээ монголоор Үндэсний анхдугаар бичил хиймэл дагуул бүтээж хөөргөх уралдаан гэсэн байгаа. 350 гр жинтэй төхөөрөмж агаарт гарч мэдээлэл цуглуулах даалгавартай. Үүний дараачийн шат нь кубсат буюу 3 кг хүртэл жинтэй, задгай сансарт хөөрөх даалгавартай байдаг. Энэ мэтчилэн цаашид манай Засгийн Газар 2016 онд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх зорилт дэвшүүлсэн юм билээ. Тандан судалгааны болон харилцаа холбооны зорилгоор хоёрыг ч хөөргөх төлөвлөгөө байгаа гэсэн. Түүнд мэдээж залуу боловсон хүчин бэлтгэх гэсэн утгаар энэ тэмцээнийг зохион байгуулсан.
Г.Буян-Өлзий: Тандан судалгааны энэ хиймэл дагуул хөөрвөл бид цаг агаарын мэдээгээ илүү өндөр түвшинд бэлтгэхээс эхлээд олон талын тустай шүү. Хаана, хэзээ зуд болох нь тэгвэл хүмүүс хаашаа нүүх нь дээр вэ гээд мэдээлэл авах боломжтой. Мөн харилцаа, холбооны хиймэл дагуул хөөрлөө гэхэд энгийн иргэдийн хувьд утасны ярианы тариф хямдрах хүртэл боломжтой. Бид одоогоор гадны орнуудад маш их хэмжээний мөнгө төлдөг. Тиймээс санхүүгийн болон цаг хугацааны хувьд олон давуу талыг бидэнд авчирна.

Мөрөөдөл
Г.Мөнхжаргал: Юун түрүүнд сургуулиа төгсөөд онгоцны чиглэлээр эсвэл сансрын инженер гэсэн чиглэлээр дагнана гэж бодож байна. Мөрөөдлийн хувьд бол гоё л доо. Өөрийн гэсэн онгоцтой болохоос эхлээд л. Бас манай улс өөрийн гэсэн, газар нутгаасаа хөөргөдөг хиймэл дагуултай, сансар судлалын инженертэй болсон байхыг мөрөөддөг.
Г.Буян-Өлзий: Нарны зайгаар ажилладаг, өөрсдөө үйлдвэрлэсэн пуужинтай болбол түүнийг хөөргөх боломж бидэнд бий гэж боддог. Дэлхийн олон орны пуужин маш хол газрыг туулж ОХУ-д “Оддын хотхон”-оос хөөрдөг. Учир нь тэнд дэлхийн татах хүч хамгийн бага байдаг. Монголын хувьд бол тэндээс ойр байдаг нь байрлалын хувьд давуу тал болдог. Тийм учраас энэ чиглэлийг сайн хөгжүүлж, залуу боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй байх.

Сайн инженер болохын тулд
Г.Буян-Өлзий: Маш их хүсэл, тэмүүлэлтэй түүндээ дурласан байх хэрэгтэй байх. Түүнээс гадна мэдэхгүй, бүтэхгүй зүйл гарвал түүнийгээ уншиж, судалдаг байх нь чухал. Гучин жилийн дараа гэхэд бид ямар нэг шинэ нээлт хийгээд явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Жинхэнэ пуужин хийчихсэн, сансрын нисгэгчээ яаж бэлтгэх вэ гээд бодох ч юм уу.
Г.Мөнхжаргал: Мэдээж энэ чиглэлд асар их сонирхолтой байх хэрэгтэй. Бас туршилт бол хамгийн гол нь. Энэ удаад туршаад болохгүй бол түүний шалтгааныг эрж хайдаг, дахиад засаад туршаад үзэх хэрэгтэй. Мэргэжлийн маань давуу тал угаасаа үргэлж шинэ зүйлд зорьж байдаг нь. Тэр ч утгаараа багаа “Тэмүүлэл” гэж нэрлэсэн.


            Хоёр зочинтойгоо ярилцаад гарахад тэднээр бахархах сэтгэл эрхгүй төрж байв. Хүсэл, зорилгынхоо төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж тэр нь зөвхөн өөрсдөд нь биш нийгэмд тустай бүтээл болдог нь тэдний мэргэжлийн онцлог билээ. Тэд одоо дөнгөж гараанаас гарч буй залуу тамирчидтай л адил аж. Харин барианы хязгаарт нь эцсийн цэг гэж үгүй гэж бөгөөд тэмүүлэл нь тэднийг хааш хөтлөхийг бид харах бас дэмжих л зам бий. 
"Гоодаль" сэтгүүлийн V сарын дугаарт 

Олон нийтийн сүлжээ бөгөөд хэрэглэгчийн өөрийн хуудас /профайл/ үүсгэх боломжит вэб сайтын тоо өдгөө янз бүрийн хэлбэрээр зогсолтгүй өсөн нэмэгдэж байна. Тэр дундаа, Фейсбүүк гэхэд л нэг тэрбум гаруй хэрэгчлэгчийн хуудастай болжээ. Мөн myspace, twitter, linkedin, instagram гээд олон нийтийн хуудсуудын жагсаалт уртаас урт үргэлжилнэ.
            Гэвч өсөлт илэрхийлэх энэ олон эерэг тооны зэрэгцээ буурах, хасагдах үзүүлэлт байгааг мартаж боломгүй. Учир нь, жилд зөвхөн Фейсбүүк хэрэглэгчдээс л гэхэд долоон сая нь хорвоог орхидог аж. Чухам энэ л тоо, энэ баримт судлаачид болоод ийм төрлийн вэб сайт бүтээгдчийн толгойны өвчин болоод байна.
            Бидний эргэн тойрны хэн нэгэн таалал төгсөхөд эх дэлхийнхээ хөрсөнд нутаглуулж, эсвэл чандарлан далайд хийсгэх гээд улс үндэстэн, шашин шүтлэгээс хамаараад өөр, өөрийнхөөр үддэг байв. Тийнхүү түүнтэй холбоотой дурсамж бүрээ сэтгэлдээ тээн, эд зүйлсийг нь ч нандигнан хадгалдаг жамтай билээ. Харин өдгөө цахим ертөнц дэх талийгаачийн хуудсыг хэрхэх нь асуултын тэмдэг дагуулсаар байгаа юм.
            Фейсбүүк хэрэглэгчид дундажаар 500 найзтай байдаг бөгөөд энд мэдээж гэр бүлийнхэн, ангийн нөхөд, ажлын газрынхан, багын найзууд, танилууд гэхчлэн цаашилбал огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй хэн нэгэн ч бий. Тэгвэл тэдэнд нас барагчийн тухай мэдээллийг хэрхэн хүргэх бас эс хүргэх вэ? Ажиглалтаас харвал дийлэнхдээ ойр дотны хүмүүс нь хананд
/wall/ нь албан ёсны мэдээлэл нийтэлдэг аж. Үүний араас уртаас урт харамслын сэтгэгдлүүд хөвөрч, өчигдөр оройхон нийтэлсэн зурган дээр нь “Тэр өчигдөрхөн амьд байсан” гэх үгс гунигласан тэмдэгтийн /L/ хамт харагдана. Мөнхүү дуртай дууг нь, очих дуртай газрынх нь зургийг нийтлэх гэхчлэн найз нөхдийнх нь дурсамжит постдууд дуусдаггүй. Энэ бүхэн яг л оршуулгын газрын цахим хувилбар болж буй мэт хэмээн судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн гэр бүлийнхэнд нь ч дарамт учруулдгийг онцолсон байв. Хагацалын тухай, үхлийн тухай бодол хэзээд л айдас, түгшүүр дагуулсаар ирдэг хийгээд дотны хэн нэгнийхээ үхэлтэй эвлэрнэ гэдэг хэн хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг нь үнэн. Энэ тухайд даруй хагас зууны өмнө Элизабет Росс үхлийг хүлээж авах таван шатлал буюу сэтгэл зүйн эсэргүүцэх-бухимдах-ярилцах-гутрах-хүлээн авах гэж шат байдаг талаар бичжээ. Тэгвэл дээр дурдсан “цахим дуртгалууд” нь яг үнэндээ дурсамжаас илүүтэй дарамт болдог гэхэд хилсдэхгүй нь.
            Нөгөө талаас та амьдралдаа хэзээ ч нүүр тулж байгаагүй хэн нэгний үхлийн тухай мэдээд, нөгөө л олон дуртгалыг нь хүссэн ч, хүсээгүй ч уншина гэдэг ямар вэ? Магад та түүний нас барсан талаарх постыг үзэж амжаагүй байхад дэлгэцийн баруун дээд буланд харагдах төрсөн өдрийнх нь сануулга дээр “
Happy Birthday. Wish you all the best… гэхчлэн бичмэгц инбокст тань “Уучлаарай, тэр нас барсан. Бид дурсгалд нь зориулж хуудсыг нь хадгалж байна” гэсэн мессеж ирэх үеийг төсөөлдөө. Хүмүүс ихэнхдээ, олон нийтийн сүлжээ хуудсаар таньдаг, таньдаггүй үл хамааран найз болж, хэзээ ч харилцаж байгаагүй хэрнээ зургийг нь сониучирхан үзэж, постуудыг нь “амтархан” уншдаг болчихож. Тиймээс гэнэт л нэг өдөр ирэх үхлийн тухай мэдээ нь их, багаар цожроож, сэтгэл санаанд нь нөлөөлдөг байна. Түүнчлэн одоогоор бидэнд ийм “туршлага” тун бага байгаа бөгөөд 2011 онд Фейсбүүк нийт хэрэглэгчдийн 2 сая нь таалал төгссөн бол энэ онд 3 сая гаруй хэрэглэгч жам ёсоор нас эцэслэж мэднэ гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор 2020 он гэхэд энэ тоо хэд хүрэх бол? Гэхдээ энэ талаар бодохоос урьтан эрдэмтэд тэр үед Фейсбүүк байх уу, үгүй юу гэдэгт илүүтэй эргэлзэж байгааг саная даа.
            Түүхэн талаас авч үзвэл, бид өвөг дээдсийнхээ тухай ном уншиж, хар цагаан зураг сонирхон, тухайн цаг үеийн уран бүтээлчдийн үлдээснээс судлан, шинжилдэг байв. Тэгвэл өнөө цагт хүн бүхэн амьдралынхаа цаг, мөч бүрийг цахим орчинд өөрөө ч мэдэлгүй идэвхтэйгээр тэмдэглэдэг болж. Хожим бидний үр, ач нар бие засах өрөөний толинд “эгдүүтэй” төрх гарган өөрийгөө дарсан зургийг минь харж, түүх бичиглэх нь. Миний хэрхэн амьдарч байсан, юунд дуртай, хэнд, юу гэж хэлж байсныг хүртэл үзэх нь шүү дээ. Ингээд бодохоор олон нийтийн сүлжээ хуудсан дахь “би” л миний үнэн төрх болон үлдэх болж байна. Гэвч бид жинхэнэ “би”-гээ дотооддоо буйд итгэж, найдан, дуу хоолойгоо сонсох гэж хичээдэг нь “харамсалтай”. Басхүү цахим орчинд хүмүүс хэзээ ч “дайснаа” бүртгэдэггүй нь үнэн. Харилцахыг хүссэн хүнтэйгээ л ярилцаж, өөрийн хуудсаа хүсээгүй нэгэндээ үзүүлэлгүй хааж орхидог. Эндээс миний “имиж” тэдний нүдээр л бүрдэн үлдэх нь үнэнийг өгүүлж чадах болов уу? Тэр ч бүү хэл, төрөөгүй хүүхэддээ хүртэл хуудас нээгээд тэмдэглэл үлдээх нь ихэсч байна. Ухаан орохын цагт охин, хүү минь суултуур дээр чихэр хүлхэж буй зургийг нь зуу, зуун хүн үзсэнийг хараад баярлахгүй л болов уу.
            Энэ бүгдээс төсөөлөн бодвол одооноос, магад түүнээс урьтаж, эсвэл ерөөс цахим орчинд хувь хүн мэдээлэл оруулах боломж нээгдсэн тэр өдрөөс эхлэн хүмүүн бидний түүхийг бичихдээ төрсөн цагаас эхлүүлж таалал төгсөхөд цэг тавьдаг байсан нь өнгөрч, зүүний сүвэгчинд будаа тогтох хормоос л тэмдэглэн үлдээдэг болж байна. Ван Гог, Бетховен, Гитлер, Ленин гээд алдартны түүхийг бахархан уншдаг асан цаг улирч, ирээдүйд хүсвэл бөмбөрцгийн хаа нэгтээ загас барин амь зуух өвөөгийн амьдралыг ч тольдох боломжтой болох нь. Өвөө, эмээгийнхээ тухай ч хааяа нэг дурсамж ярианаас дуулдаг байсан багачуул аав, ээжээсээ ч илүү тэднийг мэддэг болох цаг биднийг хүлээж байна. 
Хэвлэлийн хүрээлэн, Монголын мэдээллийн сайтуудын ассосиаци, Монголын сайтуудын холбоо хамтран "Онлайн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг дөрөвдүгээр сарын 17-нд зохион байгуулсан юм. Уг хуралд тавьсан илтгэлээсээ хуваалцаж байна.


"Үндэстний Тойм" сэтгүүл, 2013-03-18 №11 (162) дугаарт гарсан бичвэр. 

“Миний хувьд, эх нутгийн минь уул хайрхан хамгийн эрхэм. Уулсын дунд, хүршгүй нэгээхэн хэсэгт цайз бариад, тэндээ амьдарч ертөнцийн чимээнээс нуугдахыг битүүхэн хүсдэг. Гэвч боломжгүй л дээ...
Тува нутгийнхаа уулсыг би хүндлэн дээдэлдэг. Нар сая, сая жилийг элээн бүхнийг хардагтай адил миний амьдралд юу ч тохиосон уул, ус минь намайг хүлээж л байх шиг санагддаг. Миний нутаг. Хүүхэд насны минь дуртгалууд.”

          Тувагийн өмнө хэсэгт орших жижигхэн тосгонд мэндэлсэн дуучин Намжилын Сайнхүүгийн ер бусын хоолойн өнгө болоод хөөмэй нь жазз болон орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй сүлэлдэж дорнын аялгуут бүтээлийг бидний зүрхэнд өртөөлөх аж. Монгол, Шинжан, Уйгар гээд Сибирийн нүүдэлчин, олон ястны бүлгийн өвөрмөц соёлын хэлхээнээс тэр дотоодоо хөглөн туурвидаг гэхэд болно.  
            Тайзнаа үсээ хуссан эмэгтэй хөөмэйлэн, дуулахад ямар ч үзэгч гайхах бас бишрэх сэтгэгдэлтэй гардаг нь үнэн. Тува, Монголын хилийн зааг нутагт, дунд сургуулийн багш нарын гэр бүлд өссөн Сайнхүү багаасаа хөөмэйд шимтэн суралцах болжээ. Хэдийгээр дэлхий дахинаа танигдсан хөөмэйчид нь эрэгтэй хүмүүс байдаг бөгөөд эмэгтэйчүүлд үүнийг заадаггүй ч тэр чадварлагаар өөрийгөө бэлтгэсэн юм. Мөн дуулах урлаг, уламжлалт соёл, зан үйлийг тэрбээр эмээгээсээ өвлөсөн гэдэг ч хөгжмийн коллежид суралцаж байсан удаатай. Гэхдээ мэргэжлийн ур чадвараас уртын дуу, бөөгийн соёл зэрэгт илүүтэй автжээ. Харин хожмын ярилцлагадаа тэрбээр “Би Кызыл дэх сургуулиа үнэндээ хайраас болж орхисон юм шүү дээ. Анхны нөхөр Олег Лазаревскитэйгээ тэгэхэд учирсан юм. Москвагаас ирсэн хөгжимчин залуу өөрийн хамтлагтаа намайг авч, тэдний нөлөөгөөр би Led Zeppelin, Pink Floyd сонсч, бас анх удаа абстракт зураг үзэж байлаа” гэжээ.   
            Сайнхүү социализм задрах хүртэл нутагтаа олон хамтлаг, чуулгад ажиллаж 1990 оноос Вена хотод суурьших болжээ. Гэхдээ суурьших гэх үг зохимжгүй юм. Тэр дэлхий даяар аялж уран бүтээлээ толилуулж байв. Тоглолтоо Испаниас эхэлж Филиппин, Шинэ Зеланд цаашлаад АНУ-г зорьж Нью-Йоркоос Сиэтл хүрчээ. Тэр үед Чукотка, Красноярскаас ирсэн хамтлагуудтай нэгдэн зочид буудлаар хоног төөрүүлж, тоглолтын хөлсөнд ердөө идэх хоол авдаг байсан гэдэг. “Испанид болсон тоглолтын үеэр би арай илүү мөнгө цуглуулж, түүгээрээ тод шар өнгийн гутал авлаа. Бүр маш тод, гурван километрийн цаанаас ч гэрэлтэхээр. Мөн ээжийнхээ оёсон гоёмсог малгайгаар тод ягаан өнгийн хүрэм авч өмссөн юм. Ингээд л гудамжаар өнгөрөх хүн бүр намайг харна, би ч тэр төрхөндөө маш таатай байсан.”
            Харин өдгөө түүний сонсогчид нь Сайнхүүг халимаг үс эсвэл халзан толгойгоор нь шуудхан таньдаг гэхэд хилсдэхгүй. 2000 онд Миланд гэрээтэй ажиллаж байсан түүний шинэ цомгийн өнгө төрхийг Италийн загварын бурхад бүтээж байв. Урт ноолууран даашинз өмсөөд толгой дээгүүрээ нөмөрч болохуйц ороолттой, бараг л ламын хувцас мэт байж. Тэгэхэд Сайнхүүд үсээ хусчихвал бүр догь болох санагдаж л дээ. “Азаар надад зохих шиг санагдаад л, тэр хэвээр үлдчихсэн дээ” гэж тэр дурсч байв.
            Түүний шинэ төрхтэйгээр гаргасан “Хойт эхийн хот” цомог нь яах аргагүй урлагийн замналынх нь сор бүтээл билээ. Жаззын хэмнэлийг бөөгийн соёлтой сүлснээр өрнө, дорнын урлагийг нэгэн цэгт бий болгосон хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн нь бий. Түүнчлэн Сайнхүүг “Дорнын Бъёорк” гэх болсон нь цомгийн дуунуудын өвөрмөц үг, хэллэг болон хүчтэй хашгираан, гуаглах, солох чимээ, исгэрээн зэргээс улбаатай. Харин аязтай хослон сонстох үгсийг МЭӨ
V зууны тэртээх буддын лам нарын тэмдэглэлээс авчээ.
            Дуунуудын нэр нь ч “Ганцаардсан сэтгэл”, “Чиний доторх нүд” гэхчлэн зүрх болоод оюун санаатай холбоотой мэт. Сайнхүү өөрөө ч энэ цомгоороо хүмүүсийг сэрээн, цочроож барууны биет сэтгэлийг дорнын дотоод ахуйтай холбохыг зорьсон гэж байв.
            Тэр ер нь өөрийгөө дотогшоогоо хүн гэдэг. “Олны дунд байхдаа ганцаарддаг уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ихэнхдээ. Бараг үргэлж ч гэхэд болно. Хүмүүс хэдий намайг дуучны хувьд шүтэн биширч, хүндэлдэг ч Сайнхүү гэж яг хэн болохыг мэдэхгүй хэрнээ намайг тойрон хүрээлж, мэддэг юм шиг хандах нь хэцүү байдаг” гэж хариулжээ. Гэхдээ энэ нь уран бүтээлд нь хамаагүй гэдгийг тэр сануулдаг. Учир нь, сонсогчид нь Сайнхүүг өөрийнхөө талаар дуулдаг уу гэж асуух нь их. Эсрэгээр тэр “Би хүмүүсийн талаар болоод урсан өнгөрөх цаг хугацааны тухай дуулдаг. Бидэнд хамгийн чухал зүйл нь цаг хугацаа” гэж хариулдаг.
            Одоогоос 10 гаруй жилийн тэртээд Намжилын Сайнхүү Людмила гэх жинхэнэ нэрээ сольж байв. Кызылд Доржийн Сайнхүү гэх алдартай бүжигчин хийгээд эелдэг, дур булаам эмэгтэй байсан нь тийнхүү шийдэхэд хүргэжээ. Харин одоо түүний уулзахыг, хамтран уран бүтээл хийхийг хүсдэг хүн нь Иоко Оно аж. Ижил тал нь тэд хоёул дуулдаг, дууныхаа үгийг бичдэг бас зурдаг. Сайнхүүг хүмүүс уран бүтээлч буюу дуучин, найрагч гэж мэдэх ч зурах дуртайг нь тэр бүр мэддэггүй. Цаашлаад тэрбээр өөрийгөө уран бүтээлчийн шинжээс хамгийн давамгай нь зураач гэж байв. 
            Тувад төрж, Москвад боловсорч, Венад амьдарч буй Сайнхүү эх дэлхий бол миний нутаг гэж хэлэх дуртай. Магад хаа нэгтээ аж төрөхөөс илүүтэй аян замд дийлэнх хугацааг өнгөрүүлдэг болоод тэр биз. Нөгөөтэйгүүр түүний хүсч, тэмүүлдэг хөгжмийн зохиолч нь ертөнц юм гэжээ. Хүмүүс, цэцэгс, одод гээд дэлхий өөрөө үй түмэн чимээнээс бүтдэг тул хамгийн шилдэг хөгжмийн зохиолч бол эх дэлхий гэв. “Эндээс л хүн хөгжимтэй танилцаж эхэлдэг. Хөгжмийн цагаан толгойн эхний үсэг бол байгаль. Ойд үдэш болоход алтангургалдайн дуулахыг сонсоод шөнийн аниргүй өнгөрч үүр цайхад бүх дэлхий сэрж улам аялгуулаг болох нь хичнээн сайхан гээч. Хүүхэд байхдаа би гэрийнхэнтэйгээ хөдөө явдаг байлаа. Тэр үед өглөө бүрийн чимээ надад зориулсан найрал хөгжим мэт санагддаг байсан.”
            Тэгвэл барууны урлаг судлаач, шүүмжлэгчид түүнийг хоолойг түмэн янзаар хувирах чадалтай гэж бичжээ. Нэрт шүүмжлэгч Жон Айлз “Нүүдэлчин” цомгийнх нь тухай хэлэхдээ “Сайнхүүг сонсвол хүмүүнээс гарах ямар ч дуу авиа гайхалтай урлаг байдгийг мэдэрнэ” гэсэн нь ч бий. Цаашлаад эрдэмтэд түүний хоолойн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхийг оролдож байж. Францын эрдэмтэд тодорхой хэмжилт хийхийг зорьсон бөгөөд бэлтгэлийг нь сонирхон цөөнгүй баримт цуглуулж, тэр ч бүү хэл рентгений шинжилгээ ч хийсэн байна. Харамсалтай нь ч гэх үү, тэд түүний хоолойд ямар ч биологийн онцгой нөлөөлөл үгүйг тогтоосон  бөгөөд ер бусын тэр авиа гагцхүү түүний дотоод сэтгэлээс урсч буй хэмээжээ.
            Сайнхүү өөрийн бүтээл бүртээ хайртай гэдэг. Хамгийн хайртай бүтээл гэх ойлголт түүнд үгүй бөгөөд шинийг хийх бүртээ өөрөөсөө улам ихийг хүлээж, түүндээ дурлаж, тэмүүлдэг аж. Тэрхүү бүхнээ мэдээж шинэ хүмүүс, шинэ орчноос эрэлхийлэх нь гарцаагүй. Үргэлж зогсолтгүй, бас хэмнэлд баригдалгүй амьдрах нь үүний үндэс юм. “Би одоогоор киноны хөгжим бичиж, дуугаа цацаж, шүлгээ нийтлүүлчихээд байна. Бас хүүхдийн зохиолч хэвлүүлсэн. Уран зурагт ч бас сонирхогчийн хэмжээнд оролдлогууд хийгээд эхэллээ. Энэ мэтчилэн хүний хийж болох бүхнийг үзнэ дээ” хэмээн тэр саяхан ярьсан юм.


     Энэ ярилцлагыг 2010 онд "Cosmopolitan" сэтгүүлийн монгол хувилбарын нээлтийн ажлаар орчуулж байв. 

     Урнаа Чахар-Түгчи гэх энэ гайхалтай бүсгүй Өвөрмонголын баруун өмнөд хэсэгт орших Ордос сууринд мэндэлж, Шанхайн хөгжмийн консерватурт суралцаж төгсчээ. Олны талархлыг хүлээсэн таван цомог гаргаж, тэрхүү уран бүтээлүүддээ ижил хөгжмөөр өөр өөр араншинг гаргасан нь бишрэм. “Жамар”-аас сонгодог, түргэн хэмнэл мэдрэгдэх бол “Амилал”-аас тайвуун бөгөөд уудам мэдрэмж төрнө. Өдгөө түүний хоолой Дорнын их талд цуурайтаж, Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн хэлбэртэй хослуулан, хосгүй бүтээл туурвиснаар, сонссон бүхэн шагшин магтаж буй. Тэрбээр удаан хугацааны турш Германд амьдарсны дараа Каирт ирээд байгаа. Яг энэ нүүдэл, суудалтай зэрэгцэн бид түүнээс олон асуултад хариу хүлээж байлаа. Цөөнгүй удаа хойшилсон ярилцлага минь биеллээ олж бид Урнаагийн бяцхан гэвч тал шиг уужим, уудам ертөнцөөр аялах цаг ирлээ. 

-Сайн байна уу? Таны одоогийн төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Дөрөв дэх тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна. Мөн “Амилал” нэртэй Өвөрмонголын дунд сургуулийн сурагчдад зориулсан төсөл дээрээ ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд эцэг, эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох чадваргүй, төдийгүй өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах мөнгөгүй 24 сурагчид туслахаар зорьсон юм. Гэхдээ энэ санхүүгийн тусламжаас илүүтэй хүүхдүүд хичээлдээ явах сонирхолтой, баяр баясгалантай болохыг харах сайхан юм. 
-Та урьд нь талд өнгөрүүлсэн бага насныхаа тухай ярьж байсан. Магадгүй энэ үед уран бүтээлд тань нөлөөлсөн ямар нэг үйл явдал болж байв уу?
-Би өссөн нутаг Ордосынхоо талаар гайхалтай дурсамжуудыг тээж явдаг юм. Тал нутгийн хүмүүс байгаль эхтэйгээ дотно сэтгэлтэй, элгэн саднаараа гэртээ дуулж хуурддаг юм. Би ч мөн хичээлдээ явахдаа морин дэл дээр дуулж өссөн. Миний уран бүтээлд уудам талын амьсгаа, өссөн нутаг, гэр бүлийнхэн минь их нөлөөлсөн. Тийм ч учраас тэд бүгд миний багш. Би дуулах хичээлд суух тийм ч дуртай байсангүй. Харин эргэн тойрныхноосоо болон амьдралаас их зүйлийг сурах эрмэлзлэлтэй байлаа. Миний хөгжим бол туулсан зам, амьдралтай минь салшгүй холбоотой. Би Монголын уудам талд нүүдэлчин айлын хүүхэд болж төрж, өссөн. Тиймээс уран бүтээлийн амжилтын хүндтэй талархлыг эцэг эх минь хүлээнэ. 
-Гэхдээ Монгол нутгаа орхих шалтгаан тань юу байсан юм бэ?
-Дунд сургуулиа төгссөний дараа би элсэлтийн шалгалтанд бүдэрчихсэн юм. Тийм болохоор гэртээ харих, хүнтэй гэрлэх гэсэн уламжлалт зам л намайг хүлээж байлаа. Тэгээд би аав, ээждээ зуны амралтаараа сурах хүсэлтэй байгаагаа хэллээ. Шургуу гуйсны эцэст би тэднийг ятгаж чадсан. Ингээд Хөх хотод нэг жил суралцахаар болсон. Энэ нь их хотыг зорьсон анхны минь аялал байсан юм л даа. Тэнд миний нэг найз байсан нь хожим миний хөгжмийн сургуулийн багш болсон. Би тэнд ёочингийн хичээлд сууж, монгол хэл, газар зүй гээд олон зүйлд суралцсан. Мөн бусад хүүхдүүд амарч байхад хөгжмөө тоглож давтдаг байлаа. Учир нь надад өөрийн гэх хөгжим байсангүй. Идэж, унтахаа умартаж шургуу хичээллэсэн дээ. Хагас жилийн дараа багш минь Шанхай руу шилжсэн юм. Хоёр сарын дараа түүнээс захидал ирж, намайг Шанхайн консерватуртын шалгалтанд оролцохыг санал болголоо. Ингээд ойр дотнынхоо хэнд ч хэлэлгүй галт тэргэнд суусан. Хятадаар ч сайн ярьж чаддаггүй надад энэ аялал ёстой л “өөр ертөнц” шиг санагдаж байсан шүү. Амьдралдаа анх удаа тийм олон хүнийг харж байсангүй, үнэхээр өөр, шинэ ертөнцийг нээсэн. Шанхайн консерватуртын оюутан байхдаа хийл, төгөлдөр хуур, их хуур тоглож үзэж байлаа. Тэнд хятад, өвөр монгол, төвд, турк гээд олон үндэстэн оюутнуудтай хамт сурч байсан минь сайхан санагддаг юм. 
-Та Шанхайн их сургуульд очихдоо хятадаар ярьж чаддаггүй байсан гэлээ шүү дээ. Энэ танд ямар нэг байдлаар төвөг учруулж байв уу?
-Эхэндээ бусдын ярьсныг ойлгохгүй, өөрийгөө илэрхийлж ч чаддаггүй байлаа. Гэхдээ хүмүүс намайг дуулмагц зүгээр л цоо ширтээд байдаг байсан. Тэгээд нэг л өдөр аяндаа хятадаар ярьдаг болчихсон. Ер нь одоог хүртэл би ямар ч хэлийг яг л ийм байдлаар сурчихсан. Мэдээж төгс биш ч хэнтэй ч харилцаж, ойлголцож чаддаг. 
-Та тэр үед ёочин сурж байжээ. Гэхдээ таны аль ч цомгоос ёочингийн тоглолт сонсч байсангүй.
-Тийм ээ. Би зөвхөн дуулдаг. Харин ёочин тоглох нь өнөөдрийн намайг урлагийн, хөгжмийн амьдралтай холбож өгсөн гүүр юм. 
-Та Шанхай дахь оюутны амьдрал болон Бээжинд анхны цомгоо бичүүлж байсан үеэ дурсаач?
-Миний бодлоор тэр зам минь арай нарийн байсан юм болов уу. Өдгөө хятадууд 50 үндэстэн, ястанд хуваагдаж байна. Улс минь зөвхөн шар цэцгээр хучигдаж, бусад өнгө нь үгүй байна. 
-Та Роберттой хэрхэн гэрээ хийсэн юм бэ? Түүний ямар санаа нь таны сэтгэлд хүрэв?
-Роберт Золч ч Шанхайд суралцаж байсан юм. Би түүний “Shesh” гэх маш сонирхолтой цомгийг сонсч байсан. Тухайн үед тэр хөгжмийн зохиолч Ву Виэ, Ван Виэ нарт хөгжимчин хайж байсан юм билээ. Ингээд би бэлтгэлийн үеэр нь очсон. “Crossing” бүтээлийн хувьд герман, хятад уран бүтээлчдийн хамтын, гайхалтай дуу шүү дээ. 
-Хөгжим бол бүх дэлхийн хэл гэгддэг. Гэхдээ Монголын үзэгчид таны уран бүтээлийг өөр хэлбэрээр ойлгож хүлээж авна гэдэгт та итгэлтэй байна уу? 
-Бүх зүйлийг зөвхөн үгээр илэрхийлэх нь хэцүү хэрэг. Миний бодлоор үндэстэн бүр өөрийн ухамсар, соёлтой, хэл язгуур нь хил хязгаар мэт утгатай байдаг байх. Гэвч бидний хэл хилтэй байх ч, аялгуунд тийм хязгаар гэж үгүй. 
-Таны уран бүтээл зөөлөн, тайвуун байдаг. Энэ нь магадгүй монголын уудам талын нөлөөлөл юм болов уу? 
-Үүнд ямар нэг төлөвлөсөн, зориулсан нэмэлт зүйл үгүй. Харин энэ аялгуу урсан гарч байгаа нь л энэ юм шүү дээ. Заримдаа нэг их зүйл ярих шаардлагагүй, харин арай дотно байж, мэдрэмждээ найдах нь илүү байдаг.
-Ихэнх ардын болон дэлхийн хэмжээний уран бүтээлчид амьд тоглолтыг л онцолдог. Харин Та цомог бичүүлж, үүнийг ч урлагийн хэлбэр гэж үздэг. 
-Энэ таны юу сонсохыг, үзэхийг хүсч байгаагаас тэр ч бүү хэл юу мэдрэхийг хүсч буйгаас хамаарна. Би бусад уран бүтээлчдэд ямар байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ миний хамтран ажиллаж буй уран бүтээлчид гайхалтай хүмүүс. Дуу бүр өөр байдаг шиг, тоглолт, хором мөч бүр ч өөр шүү дээ. Цаг хугацаа, жаргалтай хормыг бид бусадтай хуваалцах дуртай. Энэ дашрамд би надад эрч хүч, урам зориг өгдөг хөгжимчид, хамтран ажиллагсаддаа талархлаа илэрхийлье.
-Та “Энигма” зэрэг электро болон этно урсгалын нийлмэл гэхчлэн өөрийн дуулалтаас өөр хэлбэрийн төслүүдийнхээ тухай яриач.
-Би ерөнхийд нь ямар нэг зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ хөгжимчин бүр юу хийхийг хүсч буйгаа мэдэж, хийж чаддаг байх хэрэгэтэй. Мөн хамтрагч, сонсогчидтойгоо ойлголцдог, гар нийлдэг байх нь чухал.