Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
       Ажил ундарсан 7 хоног ард хоцорч, амралтын өдрийн өглөө эртлэн босч "Өргөө" кино театрыг зорьлоо. Театрт ирсэн гаднын кино бүрийг хамгийн түрүүнд үздэг ММF клубын гишүүд энэ удаад өөрийн орны уран бүтээлчдийн шинэ бүтээл "Помогите нам-2" киног театрын хуваарьт тавигдаагүй байхад буюу "хуваарьгүй үзвэр"-ээр сонирхсон юм.  Монгол киног олон нийтэд хүрэхээс өмнө үзэж уран бүтээлчидтэй санал, сэтгэгдэл солилцон, алдаа мадаг, ололт амжилтыг ярилцдаг болох нь MMF-ийн цаашдын үйл ажиллагааны нэгэн хэсэг билээ. Тэгвэл энэ ажил биеллээ олж, анхны скрининг хийх боломж олгосон клуын тэргүүн Болдоо, "Өргөө" кино театр болон "Помогите нам" киноны уран бүтээлчдэд баярлалаа.
     Киног "эхлүүлж" L-Guards хамтлагийн сонсголонтой дуу эгшиглэсэнтэй адил эл бяцхан бичлэгээ киноны хөгжмийн тухайгаар эхэлье. Ая зохиогч Аранзаа "Помогите нам" кинонд ажилласан нь тун сайн болсон төдийгүй киноны эхлэл хэсгийн ая маш их таалагдсан. Мөн киноны тодорхой хэсгүүдэд харуулах гэсэн санаануудыг хөгжим нь улам тодруулан, баяжуулж байв.
    Харин киноны үндсэн санаа нь хэт ерөнхий байлаа. Дэлгэрүүлбэл, жүжигчин Амбийгийн хэлснээр киноны эхний ангид 90-ээд оны ганзагын наймаачдын хэцүү, бэрхийг хэрхэн туулж байсан тухай харуулахыг зорьсон бол хоёрдугаар ангидаа тэд өнөөдөр хэн болсон, өнөөгийн нийгэмд хэрхэн аж төрж буйг үзүүлэхийг хичээсэн гэлээ. Тэгвэл киноны эхэнд "галт тэрэг салгадаг" нөхөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, "галт тэрэг дээрэмддэг" нөхөр "чинээлэг, босс" болсон байв. Тэд олон жилийн дараа онгоцонд тааралдсан ч, сэтгэлээр унасан ахмад нисгэгч, "төөрсөн" шонхорын гайгаар "Мөнгөн хөлөг" нь осолдож элсэн цөлд гээгдэв. Эндээс киноны гол үйл явдал хөгжилтэйгээр өрнөж эхэлнэ. Гэхдээ киног бүтээгчдийн үзүүлэхийг зорьсон гэх нийгмийн байдал, гол дүрүүд өдгөө хэрхэн аж төрж буй нь элсэн цөл дэх адал явдлаас мэдээж харагдсангүй. Сайнаар харвал, алтанд хорхойсон өөдгүй зан гаргах тэдний авираас одоо цагийн олонхийн шунаг сэтгэлийг ажиж болох юм. Миний бодлоор, кино зохиолд зорилгоо зөв тодорхойлсон ч, бичихдээ түүнээсээ гажжээ. Ер нь киноны эхэнд жүжигчин Амбийгийн хэлснийг сонсоогүй бол "Помогите нам 2"-ын гол санааг тодорхой ойлгох байсан гэдэгтээ эргэлзэж байна.
   Иймд киног амилуулсан зүйл бол яах аргагүй мэргэжлийн жүжигчдийн баг. Бидний сайн мэдэх "Хэцүү анги" киноны найруулагчаар ажиллаж, дэлгэцийн олон бүтээлд чадварлаг тоглосон жүжигчин Б.Навчаа болон Д.Батсүх, Ц.Батхуяг /Амбий/, Ш.Доржсүрэн /Доёо/, С.Лхагвасүрэн нарын хошин урлагийн жүжигчид инээдмийн төрлийн кинонд гаргууд байх нь гарцаагүй. Мөн сүүлийн үед манай уран бүтээлчид олны танил ноёд, хатагтай нарын "царайгаар" маркетинг хийх нь олширсон. "Помогите нам 2" ч загвар өмсөгч Э.Сэлэнгэ, Ч.Туяацэцэг нарын "дүрийг" кинондоо ашигласан ч, киногоо сурталчлахдаа үүгээрээ олны анхаарлыг татаж чадсангүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйтгартай, ижил гарчигтай мэдээ төдийхөн "хөвөрч" байгаагаас өөрөөр маркетинг хийхгүй байгаа нь харамсалтай.
  Киноны хийцийн хувьд тун дажгүй байлаа. "Мөнгөн хөлөг"-ийг сайн тохижуулсан нь үзэгчдэд үнэхээр онгоцонд зураг авсан мэт сэтгэгдэл төрүүлж чадах байх. Түүнчлэн шонхортой мөргөлдөх, онгоц дэлбэрэх, элс сорох гээд олон хэсгийг компьютер график ашигласан нь бага зэрэг хиймэл ч, урьдны бүтээлүүдээс илүү дэвшилтэт, сайн болсныг дурьдах нь зүйтэй. Мөн сайн, мууг хэлж мэдэхгүй ч зураг авалтанд "bokeh" буюу дэвсгэрийг бүрэлзүүлэн, гол объектийг тодруулах аргыг их ашигласан нь анзаарагдсан.
   Төгсгөлд нь хэлэхэд "Помогите нам 2"-д ч кино реклам байсан. Санавал юу ч үгүй элсэн цөлд гэнэт хэд хэдэн саваар гарч ирдэг цэвэр ус бий. Уг нь үзэгчдийг залхаахыг хүсээгүй байх л даа, гэхдээ нэгэнт product placement хийсэн бол тэр нь ямар нэг аргаар үзэгчид сэтгэгдэл үлдээсэн байх ёстой. Харин миний хувьд гэхэд л би нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр цэвэр усаа сурталчилсан компанийн мөнгө дэмий урсчихаагүй байгаа? Мөн онгоцонд хүмүүс нэг сэтгүүлийг "жигтэйхэн" унших нь харагдсан. Тухайн үед "Гоодаль" уу гэж бодтол, кино дуусахад "Хамтран ажилласан: Uptown" гэж гарналээ.
   "Хуваарьгүй үзвэр"-ийн төгсгөлд бидний хэдэн фанатууд кинонд үнэлгээ өгсөн юм. Миний зүгээс 7/10 гэв.

P.S: "Halloween" угтаж инээдмийн кино үзэх сонирхолтой байлаа.
    Өчигдөрхөн UK CHART сонирхож шилдэг 40 дууг сонслоо. Уг нь би амьд хөгжим, альтернатив, трипхоп.... гээд рок хөгжимд шимтдэг ч, олон урсгал, олон орны дууг харьцуулан сонсох дуртай. Мөн хааяа масстай хамт арилжааны чиглэлийн дуу сонсох нь ч бий. UK CHART-ын 40 сүүлийн үед сонссон бүтээлүүд байсан ч бүгдийг нь тоглуулагчдаа хийж байгаад дарааллаар нь сонсоход өөр л юм. :-) 
   Жагсаалтыг Bruno Mars-ийн Just The Way You Are тэргүүлжээ. Хөгжмийн продьюсерээр гараагаа эхэлж Flo Rida-гийн "Right Round" K'Naan-ы Wavin' Flag дууг хамтран бичилцсэн буржгар үст залуу энэ жилээс B.o.B, Travie McCoy нартай хамтарч дуулах болсноор энэ сард  "Doo-Wops & Hooligans" цомгоо "өлгийджээ". Түүний тухай "The New York Times" сонинд "Ямар ч урсгалд хөрвөх боломжтой Universal Donor" хоолойтой хэмээн бичжээ. Bruno Mars дуулалтын хувьд Майкл Жексон, Элвис Пресли төдийгүй 2Pac-аас ч үлгэр авдагаа дурьдаж байсан удаатай. 
    Британичуудыг байлдан дагуулж буй 40 дууны хоёрдугаарт The Wanted хамтлагийн Heart Vacancy гэх дуу оржээ. Энэ дуу надад ч бас маш их таалагдсан. Английн шинэ залуу boy-band The Wanted хэдхэн хоногийн өмнө анхны цомгоо гаргасан бөгөөд эхний сингль нь Англи төдийгүй Шотланд, Ирланд гээд Британийн арлыг "уяраажээ". 

    Таалагдсан дараачийн дуу бол наймдугаарт жагссан мөн л Британийн уран бүтээлч, реппэр Tinie Tempah-ийн Written in the Stars. Дууны ая, цохилт болон дуучны үглэлт, rhyme нь өвөрмөц, гоё хэмнэлтэй дуу байналээ. Сонирхуулахад, реппэр Tinie-гийн Swedish House Mafia-тай хамтран дуулсан Miami 2 Ibiza дуу долдугаарт жагсчээ.
    Британийн шилдэг 40-ийн есдүгээрт Jay Sean, Nicki Minaj нарын хамтарсан бүтээл 2012 оржээ. Энэ дууг сонсоод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол эрэгтэй нь үглэж, эмэгтэй нь дахилт дуулдаг хэвшмэл хэлбэрийг эвджээ гэсэн бодол. Орчин цагийн хөгжмийн ертөнцөд эмэгтэй хип хоп дуучны орон зай эзгүйрч байсан ч үүнийг нөхөхөөр гарч ирсэн хүн бол Nicki Minaj хэмээн олон шүүмжлэгчийн бичсэнийг уншсан юм байна. Ер нь Missy Elliot-оос хойш гарч ирсэн дэлхийн хамгийн амжилттай, алдартай эмэгтэй хип хоп дуучин хэмээн түүнийг үнэлж буй юм билээ. Ямартай ч Jay Sean-ий зөөлөн хоолойд эрч хүч оруулан үглэхийг нь сонсох сайхан юм. 

Nicki Minaj
   Жагсаалтын 14-рт байсан Radioactive дуу таалагдахгүй байна гэж үгүй. Учир нь Kings of Leon-ий "ах нар"-ын минь энэ онд сонсогчиддоо барьсан бэлгийнх нь эхний сингль шүү дээ. Америкийн Биллбоард жагсаалтын альтернатив төрөлд тэргүүлж, рок төрөлд 3-рт багтсан байналээ. Сонсоод "доргиод" байхаас өөр яалтай билээ. 
   Нээрэн 26-д Enrique Iglesias Heartbeat дуугаараа оржээ. Сүүлийн үед хөгжмийн урсгал хоорондоо сүлэлдэх болж, тэр дундаа аливаа төрөл чиглал электротой хорших нь их болсон. Энэ
жишгээр Julio Iglesias-ийн удам залгасан дуучин "жаал" электро поп дуулаад шинэ цомгоороо муугүй амжилт үзүүлж байна.
    Төгсгөлд нь сонирхуулахад, 38-рт Flo Rida, David Guetta нарын Club Can't Handle Me багтсан байналээ. Step Up 3 киног үзэж ирээд энэ цоглог хэмнэлтэй дууг оройжин хайж билээ. Тэр үедээ бичлэгийн сайн чанартайгаар олдохгүй байсан юм. Харин одоо бол вуферээ тултал чангалаад, өрөөндөө унатлаа бүжсэн ч болно. =D 

Юмыг яаж мэдэхэв, танд дээрх дуунаас хэрэгтэй бол сэтгэгдэл бичээд үлдээгээрэй. Дуртайяа хуваалцана. :-)

  
     Английн зохиолч Уаррэн Эллис, Америкийн комик зохиолч Калли Хамнер нарын "RED" комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн "RED: Retired Extremely Dangerous" адал явдалт-инээдмийн уран сайхны киног үзэв. Мэдээж кино урлагийг олуулаа, хамгаас түрүүнд үздэг заншил ёсоор Монголын кино сонирхогчдын клубын 300 орчим гишүүнтэй энэ үдшийг хамтдаа өнгөрүүллээ. "G-Tree" гитар клубынхэн бараг л өөрсдийн сүлд дуу болсон "Когда твоя девушка больна"-гаар үйл ажиллагааг эхлүүлж, "Өргөө" кино театрт ирсэн зочдыг "Шөнийн галт тэрэг"-ээр аялуулан "Үлэг гүрвэл"-тэй "уулзуулсан". Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны "Twilight:Eclipse" киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. "Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү" гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л "G-Tree"-гийнхэн хааж, "We Are the World" дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн. Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо.
      Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг "Summit Entertainment"-ийн логогоор "RED" эхлэв. Дашрамд дурьдахад, "Summit Entertainment" нь бидний мэдэх "Twilight" цуврал төдийгүй "Оскар"-ын шагналт "The Hurt Locker" киног бүтээсэн юм билээ.
     Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр "хөшиг нээгдэж" үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд "Cop Out" кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин "Хатуу самар" маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд "Die Hard 5"-аар эргэн ирэх юм билээ.
      "RED" комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал "хайрлах" санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором "улаа бутартал" инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч "цоо эрүүл" болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
    Киног үзээд дуусахад "Татар ажиллагаа" кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. ;-)
"Улаахан үдшийг бүү алд" :D
video

    Энэ бол Америкийн телевизээр цацдаг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн реклам. Энд 1980-аад Сурталчилгааны зөвлөл гэх байгууллагын захиалгаар телевизүүд нийгмийн рекламыг үнэ, төлбөргүй цацаж эхэлжээ. Мөн аливаа телевизийн үйл ажиллагааны дүрэмд ингэж олон нийтэд нийгмийн реклам түгээхийг шаарджээ. Америкийн нийгэмд тулгамдсан асуудал нь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудал тул нийгмийн рекламны зонхилох хувийг энэ төрлийн сурталчилгаа эзэлдэг аж. Тиймдээ ч, “Найзыгаа согтуугаар машин барихыг бүү зөвшөөр” гэсэн бичиг бар, клубын үүдэнд олон бий. 
            Энэ төрлийн рекламыг энгийн үзэгч олонд хүргэхийн тулд, тэдний анхаарлыг татахын тулд тухайн цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийг нийгмийн рекламанд тоглуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд Холливудын халуухан бүсгүйчүүлийн нэг Меган Фокс, Анжелина Жоли нар хүүхдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэв. Ингэснээр ард нийгмийн гишүүдийн оюун санаанд нөлөөлөх төдийгүй, тухайн жүжигчний нэр хүнд ч өсдөг давуу талтай. Харин манай оронд нийгмийн рекламд олны танил бүү хэл, мэргэжлийн жүжигчин эсвэл олон нийтэд сэтгэгдэл төрүүлэхүйц жүжиглэлттэй хүн харагдах нь ховор. Ядаж олон нийтийн телевизээр нийгмийн реклам цацаж, түүнд нь тус телевизийн уран бүтээлчид тоглож байвал зүгээр сэн. Нарийн судалвал, манай улсын хуульд зааснаар ОНТ-ийн хөтлөгч, уран бүтээлчид сурталчилгаанд тоглож болохгүй. Харин нийгмийн шинж чанартай сурталчилгаанд тоглож болно гэж заасан байдаг юм билээ. Гэтэл Ичинхорлоо, Чимгээ, Г.Бадамсамбуу, Ёолк гээд МҮОНТ-ийн урдаа барьдаг сайчуул бизнесийн байгууллагын рекламд тоглосон нь орой бүр цэнхэр дэлгэцээр хөвөрнө. Тэд миний, таны мөнгөөр цалинждаг хэрнээ бидний найз, үр хүүхдийн сайн сайхны төлөө “дүрээ харуулахаас” татгалзаж, чамин, сайхан үгээр бараа, бүтээгдэхүүн сурталчилдагт нь итгэж болох эсэхийг хэлж мэдэхгүй нь. МҮОНТ-ийн телевизээр нийгмийн реклам харагдах нь цөөн. Харин хуулиар хориглосон нөгөөх л ашиг, хонжоо харсан рекламыг ил, далд хэлбэрээр ичиж, зоволгүй цацчихдаг. Гэтэл Австрали, Англи, Германы олон нийтийн телевизэд эфирийн цагийн тодорхой хувийг нийгмийн оюун санааг хөгжүүлэх, сэтгэлгээг өөрчлөх рекламд зарцуулна гэж заажээ. Тэд ч энэ үүргээ ухамсарлан, биелүүлдгээрээ толгой цохино.
            Хэдхэн хоногийн өмнө “Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” гэсэн реклам хараад сайшаан, магтахын зуургүй араас нь “Бенц” машины лого харагдав. Миний бодлоор, энэ нийгмийн реклам биш тухайн компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх хэлбэр гэж бодож байна. Учир нь энэ сурталчилгааны эцсийн зорилго нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх, мэдээж ашиг, орлогоо нэмэгдүүлэх. Харин нийгмийн рекламны зорилго нь аливаа бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахгүй, ашиг хонжоо харалгүй олон нийтийн оюун санаанд нөлөөлөх байдаг аж. Иймд “Алсын хараатай амьдарцгаая” гэсэн “нөхөрсөг” сурталчилгаа бүр нийгмийн реклам болохгүй.
            Тэгвэл Улаанбаатар хотын гудамжинд автомашины зам дагуу “Хүүхдээ арын суудалд суулгаарай” гэсэн сурталчилгааны самбар харагдах болоод удлаа. ЗЦГ-аас эл рекламыг байрлуулсан нь сайшаалтай. Монголчууд бид машины урд талын суудалд бага насны хүүхэдтэйгээ хамт сууснаар, аюул осолд өртөх нь их. Ядаж л өвөр дээр суусан хүүхэд толь халхлан, жолоочид хүндрэл учруулдаг. Энэ байдлыг өөрчлөхөөр дээрх самбарыг хийжээ. Дэлхийн бусад оронд ч зам дагуу энэ төрлийн самбар элбэг таарна. Жолоо барихдаа зүүрмэглэхгүй, утсаар ярихгүй байхыг сануулсан байдгийг та санаж байгаа байх.
            Зохиомжийн хувьд манайд бараа, бүтээгдэхүүний болон нийгмийн сурталчилгаа аль аль нь тааруу гэхэд хилсдэхгүй. Телевизийн, сэтгүүлийн, гаднах сурталчилгаа бүгд “ядруу” өнгө, аястай. Наанадаж тамхины эсрэг сурталчилгаанд харахаас эвгүйцэм элдэв төрлийн зураг байдаг. Гэхдээ тамхичин хүн үүнийг үүл тоон, утаа баагиулсаар л байдаг. Учир нь, түүний таньж мэдэх, ойр дотнын хэн нь ч тамхи татсанаар ийм байдалд хүрсэн удаагүй. Хэзээ ч билээ. Харин барууны оронд тамхины хайрцган дээр хүүхдийн хоосон тэрэг түрсэн эмэгтэй, олон зоосон мөнгө нийлээд илүү хэмжээний цаасан дэвсгэрт болсон зураг бий. Энэ нь хэт хол хөндий үр дүнгээс илүү, хүний өдөр тутмын амьдралд ойр тул ухамсарт нь илүү нөлөөлдөг. Дашрамд дурдахад, дөрвөн жилийн өмнө Европын холбооны орнуудад тамхины эсрэг хайрцган дээрх сурталчилгаа тухайн хайрцагны 40%-иас багагүй зайд байрлах ёстойг хуульчилжээ.


      /Нийгмийн рекламны тухай олсон мэдээллээ ашиглан бичлээ. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, өөр санал байвал сэтгэгдэл үлдээж хуваалцаарай. 
Баярлалаа. /
    Хорвоог харанхуйн тэнгэр хучиж, одод тэнд гялалзахад гэрийнхэн зүүдний ертөнцөөр аялж, би ном, сэтгүүлийн далайд хөвнө. Тайван, аниргүй энэ мөчид үдэш бүр "Гоодаль"-ийнхаа хэдэн хуудсыг эргүүлэх би дуртай. Хэт их "Би" үнэртсэн бичлэгүүдийг нь уншихад сэтгүүлчтэй нь ярилцаад суугаа мэт. Бас мэддэг хэрнээ мэддэггүй танилуудыг минь өөр нүдээр харчихаад, өөр өнцгөөс танилцуулдаг нь "гоё". "Одод"-ын амьдралын тухай гялав, цалав нийтлэлээс илүү хийсэн, бүтээсэн зүйлтэй хэрнээ олны нүднээс далд эрхмүүдийг "олзолж" чаддагаараа "Гоодаль" онцлог. Нийтлэлүүд нь хэлэх гэснээ шууд бус тойруулаад ч байгаа юм шиг. Ахин, дахин уншиж дараа нь бодоод өөрийнхөөрөө ойлгоход болох мэт сэтгэх эрх чөлөөг надад олгодог.
   Тийм болохоор олон сарын өмнөөс би "урвачихсан". Бусад олон сэтгүүлийг амтархан уншдаг байснаа одоо сонирхон харах болж, "Гоодаль"-ийг бол шимтэн уншдаг болчихсон. Үнэндээ урваагүй юм байна. Зүгээр л урьд нь энэ сэтгүүлийг "мэдээгүй" явж. :P

    (Гэхдээ энэ сарын дугаарын нүүрний зургийн модель таалагдсангүй. Анорексиа тусчихсан юм шиг хэт туранхай :D)

     2010 оны аравдугаар сарын 10-ны үдэш. "Өргөө" кино театрын гадаа талбай хөл ихтэй бужигнах нь "Hero" энтертайнментийн шинэ бүтээл "Татар ажиллагаа" киноны нээлтийг сонирхохоор ирсэн зочид байв. Нээлтийн ёслол 20.00 цагаас эхэлнэ гэсэн ч цагаасаа бага зэрэг хожимдсон нь, хаалгаа барьсан театрын гадна, хүйтэнд ам ангайх бүртээ уур савсуулан хүлээх олонд таатай санагдаагүй нь лавтай. Удалгүй "Өргөө" кино театр "өндөр" үүдээ нээж, манай тайз дэлгэц, эстрад урлагийн олны танил эрхмүүд болон нээлтийн ажиллагаанд уригдсан зочдыг заллаа. Театрын нэгдүгээр давхрын танхимд бага тайз засчээ. Зочид өөр хоорондоо элдвийг хөөрөлдөх зуураа, киноны ивээн тэтгэгч "Nomads"-ийн зууш, Bio жүүс, "Хараа"-гийн шот, "Киндзмараули"-ийн дарсаар дайлуулав.
    Хүсэн хүлээсэн мөч ирж, хүндэтгэлийн тайзнаа энэ үдшийн хөтлөгч, жүжигчин Ууганбаяр гарч ирлээ. Цугласан олныг хөгжөөн, 2010-10-10 гэсэн давтагдашгүй үдшийн төлөө үзэгчдийг гарыг халтал алга ташуулав. Мөн киноны саундтракийг дуулсан "Нэгүн", залуу охидын "Sound of Kiss" хамтлагийнхан ая дуугаа өргөлөө. "Бид гурвуулаа" хэмээн дөрвүүлээ гарч ирсэн хамтлаг бол "3 охин". "Татар ажиллагаа" кинонд гол дүрийн баатрын охины дүрд тоглосон Б.Хулан МХО-ы бүжгийн дугуйланд суралцдаг тул эгч нартайгаа хамт тайз доргиохоор гарч ирсэн нь тэр. Түүнчлэн энэ үдэш "3 охин" ам барилгүй, амьдаар уран бүтээлээ тольлуулсан нь нэн таатай байлаа.
      Сэтгэл хөдөлгөм хөгжим эгшиглэж, хүндэтгэлийн аяз эхлэхэд кино багийн бүтээлчид тайзнаа саатав. Найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, дуучин Д.Батсүх, кикбоксчин Ц.Амарбаясгалан тэргүүтэй хамт олныг үзэгч олон халуун алга ташилтаар угтан авсан. Түүнчлэн энэ үдэш олны талархлыг хүлээсэн эрхэм хүн нь тэр өдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан жүжигчин Ч.Ундрал байсан юм.
     Найруулагч Б.Баатар Монголын кино урлагийг нэг шат ахиулахуйц бүтээл хийхийг хүссэнээ хэлээд, хэр хэмжээнд болсныг үзэгч олон дүгнэх бизээ хэмээснээр тэр үдшийн зочид кино танхимд суудлаа эзлэв.


     Банкны ажилтан Тайвнаа (Б.Амархүү) гэнэт ажлаасаа халагдсанаар кино эхлэв. Охиныхоо хүнд өвчнийг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа ч, гэнэт ажлаасаа халагдсан Тайвнаа яах учраа олохгүй эхнэрээсээ нууна. Мөн багын найз Тулгаатайгаа (Г.Эрдэнэбилэг) уулзан, монгол эрийн жишгээр нэг шил мултлав. Сархадын амтанд хөлчүүрхсэн залуус, Тайвнаагийн ажиллаж байсан "Өрнө Дорно" банкийг дээрэмдэхээр шийдсэнээр үйл явдал өрнөнө.
     "Татар ажиллагаа"-ны гол дүрд тоглосон дуучин Б.Амархүү мэргэжлийн жүжигчин биш ч, дүрийн сэтгэл хөдлөлийг нүүрний хувирлаар боломжийн гаргасан санагдсан. Ялангуяа, "Татар ажиллагаа" эхлэхийн өмнөх өдөр эмнэлэгт охинтойгоо уулзахдаа эмээсэн, охиноо хайрласан сэтгэлийн илрэлийг сайн гаргаж байв. Харин кинонд түүний дууг өөр хүн оруулсан нь угаас түүний дууг мэдэх бидэнд таатай санагдсангүй. Гэхдээ нөгөө талаас Б.Амархүү монгол хэлэнд тааруу бөгөөд хоолойны өнгө нь энэ дүрд тохирохгүй ч юм шиг санагдсан. Ийм шалтгаанаас гаднын цөөнгүй киноны амжилт буурсныг бид мэднэ. Тухайлбал, өнгөрсөн зун нээлтээ хийсэн Prince of Persia киноны баатрын дүрд тоглосон жүжигчин Jake Gyllenhaal-ын хоолой кинонд огт зохицоогүйг судлаач, шүүмжлэгчид олонтаа дурьдсан. Гэхдээ "Татар ажиллагаа" киноны уран бүтээлчид хэлэхдээ Б.Амархүү киноны дуу оруулах үеэр Москвад ажилтай байсан тул ирж амжаагүй хэмээн тайлбарлаж байв.
      Киноны бас нэг чухал хүн бол Тулгаа. Жүжигчин Г.Эрдэнэбилэг энэ дүрд тун чадварлаг тогложээ. Голдуу мэргэжлийн бус жүжигчидтэй кино багт түүний чадвар улам илүү тод харагдаж байв. Найруулагч дүрийн сонголтоо зөв хийж, нүүр хувиргалт, гадна төрхийг сайн бүрдүүлсэн нь илт. Бадируун бие, эрс шулуун зантай Тулгаа зарим үед "Би чамд хайртай-2" киноны Хангайг санагдуулж байв.
     Дуучин Д.Батсүхийн тоглосон програмист Гялбаагийн дүр киног чимж байлаа. Муу санаатай хэрнээ, түүндээ ороогдож, хөглөх нь хөгжилтэй. Машиндаа бензин хийхээр мөнгө асуухад "Надад лав юу ч байхгүй шүү" гэж байсан Гялбааг цагдаа нэгжихдээ 30 мянган төгрөг гаргаж ирсэнд найзууд нь мэдээж уурлав. Энэ үед гэмших нь бүү хэл "Шинэ програмны мөнгө шдээ" гээд гүрийдэг нь амьдралд тохиолддог зүйл. Ер нь Гялбаагийн дүрд Д.Батсүхээс өөр хүн тоглосон бол ямар байх бол гэж бодохоор угаас түүний төрх, дуу хоолой энэ дүрд яг тохирсон нь улам мэдрэгдэнэ.


       Кино бүтээлийн чанарын хувьд үнэхээр шат ахисан уран бүтээл болжээ. Зураг авалтын орчин, ашиглсан эффект зэрэг нь манай зарим "ядруухан" кино бүтээгчдийг ичээсэн биз. Мөн кино зургийг "Red One" камераар авсан гэж байв. Энэ тухай нарийн мэдэхгүй ч, миний олсон мэдээллээр энэ нь илүү өндөр нягтралтай сайн чанарын камер бөгөөд NBA-ийн 2007 оны тоглолтыг үүгээр дүрсэлж байжээ. Мөн өнгөрсөн онд "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн "District 9" болон энэ оны шинэ бүтээл "Social Network" зэрэг олон кинонд эл камерыг ашигласан аж.
     Энэ бүтээлээс найруулагчийн ур чадвар өндөр гэдэг нь мэдрэгдэж байлаа. Манайд сүүлийн жилүүдэд "Үлгэрийн хайр", "Намрын синдром" зэрэг хошин шогийн тавилттай, үйл явдлын утга, авцалдаа муутай кино олноор "мэндлэх" болсон. Харин энэ кино тавилтын хувьд дажгүй санагдсан. Түүнчлэн кинонд сурталчилгаа байршуулах явдал, манай кино урлагт хараахан хэлбэрээ олоогүй тул үзэгчдийг залхаадаг нь нууц биш. "Татар ажиллагаа" ч бараг кадр бүрт ивээн тэтгэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилж байлаа. Гэхдээ арай цэгцтэй, энгийн үзэгч тэр бүр анзаарч "Аа энэ реклам байна" гэж бодохоор хийгээгүй нь сайшаалтай. Тэгвэл "Скайтел", "Киндзмараули" дарсных илт, ундууцмаар байсан.
       Харин кинонд шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол мөнөөх л киноны утга, санаа. "Татар ажиллагаа"-г үзээд дуусахад "Энэ кино юу өгүүлэв?", "Ямар санаа гаргав?" гэх асуулт хариултгүй үлдэх шиг боллоо. Магадгүй АЗын тухай юу? Киноны төгсгөлд Тайвнаа "Өвөө минь зөв шударгаар явахад, аз чам дээр өөрөө ирнэ" гэсэн утгатай үг хэлдэг. Тэгэхээр энэ гол санаа байсан уу? Гэтэл кинонд банк дээрэмдэхээр зорьсон залуус бүтэлгүйтэж, сохор азаар амжилт олсон тухай гардаг шүү дээ. Тэгэхээр энэ лав "ариун явдал" биш байлтай. Киноны тулгуур багана зохиолыг 5 жилийн өмнө рок Мөнхсайхан бичиж, зураг авалт аль хэдийнэ эхэлсэн байсан гэж байв. Гэвч гүйцээж чадаагүй эл бүтээлийг тухайн үед зургийн багт ажиллаж байсан найруулагч Б.Баатар барьж авч, гүйцээсэн нь сайшаалтай ч утга, санаа дульмаг байгаа нь харамсалтай. Түүний бүтээсэн хоёр дахь кино нь мөн л урьдын адил хэт арилжааны шинжтэй болсон нь жинхэнэ уран бүтээл хүлээсэн үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. Ер нь орчин цагт Монголын кино урлаг сэргэсэн гэж байгаа ч, арилжааны буюу commercial чиглэлийн "хөнгөн" кино дэлгэц дүүргэх болжээ. Олон нийт ч чөлөөт цагаа өнгөрүүлэхээр театр зорихдоо энэ төрлийн бүтээлд хошууран мөнгөө "цацах" нь уран бүтээлчдэд "сайн кино хийе" биш "их мөнгө олъё" гэсэн бодол төрүүлээд байх шиг.
Өнгөрсөн хавар нэг илтгэлд зориулж хийж байсан юм. Цахим ертөнц дэх мэдээллийн хурд, түүний өөрчлөлтийг гүйцэхэд ч бэрх болсон үед хаврын мэдээлэл өдгөө аль хэдийнэ хоцрогдсон байж болох. Гэхдээ ямартай ч эндээс ойлголт авч болох болов уу гэж бодож орууллаа. :-) 

video

   Цагийн зүү 6-гийн тоог чиглэх үест "Өргөө" кино театрын гадна цугласан олны шуугих чимээ дотор сонсогдож, тэдний уухайн түрлэг сэтгэл хөдөлгөх нь тэр. Удалгүй хүндэтгэлийн хөгжим эгшиглэж, улаан хивсэн дээгүүр тулаант, инээдмийн киноны баатар, жүжигчин Жеки Чан гар далласаар орж ирлээ. Түүнийг харсан бяцхан жаалууд төдийгүй цугласан олон "Жеки Чан, Жеки Чан" хэмээн түүний нэрийг давтан, орилсоор байлаа. Тэдний дунд манай клубын (Монголын кино сонирхогчид) залуус ч "Mongolian Movie Fanatics" логогоо барин зогссон. Алдарт жүжигчнийг кино театрт орж ирмэгц, үзвэрийн танхимд "Каратэ кид" киног үзэхээр тухалсан хагас болон бүтэн өнчин 500 хүүхэдтэй уулзсан юм. Хатуу, чанга хамгаалалтын улмаас бид танхимын гадна гарч ирэхийг нь хүлээв.
   Багагүй хугацааны дараа Жеки Чан болон Монгол улсын гавъяат жүжигчин Н.Сувд, Монголын кино академийн тэргүүлэгч гишүүдийг хүндэтгэлийн индэрт залсан. Нэрт жүжигчинд Монголын кино академийн хүндэт гишүүн өргөмжлөлийг гардуулж, түүний гарын хээ болон гарын үсгийг авч академийн төдийгүй "Өргөө" кино театрын хойморт байрлуулахаар болсон юм. Ингээд хүсэн хүлээсэн мөч ирж, нэрт жүжигчний сэтгэгдлийг сонсов. Тэрбээр "What a big honour" буюу "Ямар их хүндэтгэл вэ" хэмээн үгээ эхэлж, бяцхан жаалуудаас "Каратэ кид" кино таалагдсан эсэхийг асуугаад эсрэг талын дүрийн хүүхдийг дуурайн бүдүүлэг, түрэмгий загнаж болохгүйг захьсан. Түүнчлэн кино урлагт хөл тавьснаас хойш шүтэн бишрэгч, олон нийтээс маш их зүйлийг авсан. Харин одоо тэдний төлөө хийж, бүтээх цаг ирсэн тул хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж манай оронд ирснээ дуулгасан юм.
     Мөн 
таэквондогийн "Арслан" клубын тамирчдад хүндэлж явдаг жүжигчиндээ авьяас, чадвараа харуулах ховорхон боломж тохиосон. Тэдний үзүүлбэрийг хүн бүр сонирхон үзсэн бол "Universe Best Songs" уралдааны шилдэг 25 оролцогчийн нэг Н.Өнөдэлгэр цээл хоолойгоо гайхуулан дуулсан. Үйл ажиллагааны төгсгөлд үндэсний хөгжмийн "Жонон" хамтлаг өөрийн уран бүтээлээ орчин үеийн амьд хөгжимтэй хоршуулан толилуулсан нь тун ч сонирхолтой байлаа.
    Жеки Чан цугласан олонтой дурсгалын зураг татуулснаар түүний "Өргөө" кино театрт саатах хугацаа дууссан юм. Дэлхийн сая сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Жеки Чантай өнгөрүүлсэн цөөн хором тэнд цугласан хүн бүрийн сэтгэлд хамгийн нандин дурсамжийнх нь нэг болох биз ээ.

"Би бол брэнд. Учир нь та Жеки Чан гэдэг нэрийг сонсмогц тулааны урлаг, инээдмийн жанр хосолсон кино бодолд тань бууна."