Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
“Энэ сонгууль гэлтгүй бүх л сонгууль бол бидний хүүхдийн цаашдын дөрөв эсвэл найман жилийн амьдралыг өөрчлөх хүч хэний гарт очих вэ гэдэг тухайд л байдаг. Энэ удаа, энэ хариуцлагыг үүрч чадна гэж итгэл төрүүлэх ганц л хүн бий. Энэ улсын Ерөнхийлөгч болж чадах цорын ганц тэр хүн бол бидний нөхөр Хиллари Клинтон юм. Зориг тэвчээртэй, хамгийн өндөр, хамгийн зузаан шилэн таазыг хагалах хүртлээ унаж, сэрж чадсан удирдагч биднийг өөртэйгээ хамт өргөж босч байна.
Би Цагаан ордонд өөрийн охидоо буюу ухаалаг, хар арьст хоёр залуухан охиныг ноходтойгоо тоглохыг харах дуртай. Хиллари Клинтоны ачаар миний охид, та бүхний охид хөвгүүд эмэгтэй хүн Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч байж болохыг харж авч байна.
Энэ улс гайхамшигтай биш гэж хэлэхийг бүү зөвшөөр. Бид ямар ч гэсэн энэ улсыг гайхалтай байлгах ёстой. Учир нь энэ ертөнцөд хамгийн гайхалтай орон бол энэ улс…” — Мишель Обама
Өчигдөр болсон АНУ-ын Ардчилсан намын хурлаас нэр дэвшигчийг албан ёсоор зарлахыг л америкчууд хүлээж байсан нь тодорхой. Харин хуралд Хиллари Клинтонг дэмжиж тэргүүн хатагтай Мишель Обама үг хэлснээс хойш олон улсын хэвлэл мэдээллээр түүний тухай болон эмэгтэйчүүдийн хүч, боломжийн талаар л ярьж, бичих болов. Хурлыг CNN-ээр шууд дамжуулж байсан бөгөөд ажил руугаа гарах гэж байсан би түүний илтгэлийн хүч, цугласан олны сэтгэл хөдлөлийг хараад гайхаж, сонирхож хэсэг үзсэн юм. Удалгүй “The Washington Post”-д түүний энэ хүчтэй илтгэлийг бичсэн эмэгтэйн тухай нийтлэл гарсныг хараад хуваалцмаар санагдаж түргэхэн буулгах гэж оролдлоо.

Сара Хурвиц компьютерийнхээ ард суугаад, дуу намсгагчтай чихэвчээ зүүмэгц Мишель Обамагийн хурц, хүчтэй хоолойг төсөөлөн сонсдог болов уу. Тэгээд тэр хоолой “Үгүй ээ, энэ холбоос тохирохгүй байна. Бид хүмүүст ийм мэдрэмж өгөх гэсэн хэрэг үү?” гэсэн асуулт тавьдаг байх.
Хатагтай Обамагийн хэлэх үгийг бичсэн Хурвиц гэх энэ бүсгүй төрийн тэргүүний гэр бүлтэй хамтран ажиллаад найман жил, тэргүүн хатагтайн үгийг бичдэг болсноос хойш долоон жил өнгөрчээ. Ялангуяа Мишель Обаматай тэр маш дотно ажилладаг бөгөөд олон нийтэд хандаж хэлэх үг бүрийг нь Хурвиц бичиж, редакторладаг байна.
“Түүний үгийг бичдэгийн хувьд, одоо би толгойдоо хоолойг нь шууд л төсөөлдөг болсон. Учир нь олон жилийн турш тэр надад юу хэлэхийг хүсч байгаагаа ягштал тайлбарлаж ирсэн” хэмээн Цагаан ордноос хоёр байрны хажууханд байх “Penn Quarter” кафед суунгаа Хурвиц надад хуучлав. 
Одоо 38 настай, Харвардын хуулийн сургуулийн төгсөгч тэрбээр 2008 оны кампанит ажлын дараа шууд Цагаан ордонд томилогдож, өдийг хүртэл ажиллаж байгаа цөөн хүний нэг нь юм. Яг үнэндээ энэ бүхэн эхлэхийн өмнө Хурвиц хатагтай Хиллари Клинтоны үгийг бичдэг байв. Харин Клинтоны ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг бичсэнээс ердөө хоёр хоногийн дараа Обамагийн багийнхан түүнд ажлын санал тавьжээ.

Ингээд шог зурагт элит, яравгар эмэгтэйн дүрээр буугаад байсан Мишель Обамаг Денверт болсон чуулганаар дэлхий нийтэд цоо шинээр “танилцуулах” тэрхүү үгийг бичих даалгавар Хурвицэд ноогдсон юм.

Энэ үед өрсөлдөгч талын кампанит ажлаас ирсэн түүнд Обама бүрэн итгэж байгаа эсэхэд Сара Хурвиц эргэлзэж байжээ. Гэхдээ дараачийн удаа Чикаго дахь Обамагийн гэрийн зочны өрөөнд цаг хагас ярилцахад энэ эргэлзээ тайлагдсан гэж болно.

“Обама надад: Тэгэхээр энэ бол би. Би энд амьдардаг. Энэ бол миний гэр бүл. Энэ бүхэн миний үнэт зүйл, чуулганд би энэ бүхнийг л ярихыг хүсч байна” гэсэн тухай Хурвиц санагалзав. “Тэр үед надад Мишель Обама өөрийгөө таньсан бөгөөд юу хэлэхийг хүсч байгаагаа хэзээд мэддэг эмэгтэй гэсэн ойлголт бат суусан юм.”

Олон удаа үгээ засч, янзалсаар тэр удаагийн үгийг Хурвиц хэдэнтээ бичжээ. Обаматай ч удаа дараа редакторласны эцэст Чикагогийн өмнөд хэсгийн эгэл ажилчин ангиас гаралтай Мишель Обамагийн түүх, нөхрийнхөө улс төрийн замналд эргэлзэж байсан ч өөрчлөлт авчрах хүн гэдэгт нь бүрэн итгэдэг байсан тэргүүн хатагтайн хүүрнэл бэлэн болов. Чуулганд хэлсэн энэ үг нь Мишель Обамагийн олонд танигдсан, нэр хүндийн эхлэл байсан юм.

Speechwriter гэх энэ орон тоо тэргүүн хатагтайн ажлын албанд огт байгаагүй тухай түүхч, “Ерөнхийлөгчийн хамтрагч: 20-р зууны тэргүүн хатагтай” номын зохиогч Мира Гутин дурьджээ. Тэр ч бүү хэл тэргүүн хатагтай байх хугацаандаа 1300 удаа олон нийтэд хандаж үг хэлсэн Эленор Рузвельтэд ч үгийг нь бичих хэн нэгэн байгаагүй аж. Харин хатагтай Бёрд Жонсон олон нийтэд хандсан мэдэгдэл гаргахдаа хэвлэлийн ажилтнаасаа тусламж авдаг байснаас энэ бүхэн үүдсэн гэж болно.

Орчин цагт тэргүүн хатагтай нар олны өмнө албан ёсоор үг хэлэх нь ихэссэн бөгөөд бодлогын талаар биш, улс төрийн тухайд ч биш эсрэгээрээ илүү мэдээллийн чанартай, бас сонирхолтой ач холбогдолтой зүйлсийн тухайд мэдэгдэх болжээ. Мишель Обамагийн хэлсэн үг шиг гэсэн үг.
Тэд илүү уран яруу байх тал дээр анхаардаг байх гэж түүхч Гутин нэгэнтээ хэлсэн юм. “Энэ нь хүмүүст бодлоо шууд тулгах биш гэхдээ эргэцүүлэх сэдэл өгөхүйц байдаг” гэж тэр нэмлээ.
Өнгөрсөн жил Алабамад тэргүүн хатагтай арьс өнгөний үзлийн тухай илтгэсэн ба хар арьстнууд суралцаж ирсэн коллежийн оюутнуудад Африк-Америк гаралтай өмнөх үеийнхний ололт амжилтыг хадгалан, биелүүлэх “дарамт” учирдаг бөгөөд энэ стресс түүнийг ч тойроогүй тухай ярьж байв.

“Нөхөр маань Ерөнхийлөгчид нэр дэвших үед би ямаршуу тэргүүн хатагтай байх, ямар асуудалд анхаарах гээд надад олон асуулт тулгарч байлаа… Улмаар анхны Африк-Америк тэргүүн хатагтайн хувьд үүнээс ч илүү асуулт, төсөөллийн цөм нь би болж, зарим тохиолдолд айдас төрж байлаа. Би хэтэрхий ууртай эсвэл сул дорой харагдаж байгаа болов уу? Эсвэл ажил хэрэгч эмэгтэй биш, илүү зөөлөн, эх хүний дүр төсөөллийн эзэн болчихов уу?”
Түүний энэ үгийг бичсэн Тайлор Лехтенбэрг “Мишель хүмүүстэй харилцах дуртай бөгөөд хэлэх үгээ нягталж, хүний сэтгэлд “наалдах” зүйл бий эсэхийг шалгадаг юм. Тэр зүгээр нэг статистик харж уншихыг огт хүсдэггүй” гэж байлаа.

Хурвиц тэргүүн хатагтайн ярих хэв маягт ч анхаардаг бөгөөд, Мишель улс төрч шиг сонсогдох үг, хэллэг байхад огт дургүйг онцоллоо. Харин хүмүүстэй түүхээсээ хуваалцах дуртай учраас, дурсамж дуртатгалыг нь Хурвиц мэдэж авчээ. Тиймдээ л Чикаго дахь бага насных нь дурсамж түүний үгнээс олонтаа сонсогддог байх.

Хурвицийн бичлэгийн гол түлхүүр бол тэр түүх, дурсамжийг үргэлж “амьтай” байлгаж чаддаг юм. Тэргүүн хатагтай дүүтэйгээ юу хийх дуртай гэхчлэн жижиг зүйлийг ч тэр ажиглаж, тэмдэглэж бас бичиж чаддаг нь үнэхээр тустай байдгийг тэргүүн хатагтайн ажлын албаны ахлах хэлж байлаа.

Дэд Ерөнхийлөгч Ал Горын илтгэлийг бичигчээр дадлагажиж эхэлсэн Хурвиц Цагаан ордонд ажиллах хугацаандаа нэр алдар хөөлгүй, даруухан явсаар иржээ. Ингэж хэлэхийн учир нь түүнтэй хамт ажиллаж байсан Жон Фаври л гэхэд Холливудад кино зохиол бичихээр явсан бөгөөд өөр олон хамтрагч нь хэдийнэ нийгэмд танигдаж амжжээ. Харин Хурвиц Цагаан ордны зүүн жигүүрт зэргэлдээ суудаг Дэвид Кавэлтэй санал солилцож ярихаас хэтрэхгүй.
Түүний ажлын цаг урт бөгөөд Обамагийн гэр бүл үргэлж л ямар нэг чухал үйл ажиллагаанд оролцох нь тодорхой. Уг нь хувийн амьдралдаа анхааран хичээлд сууж, хааяадаа дасгал хийдэг ч гэнэт сайхан санаа төрвөл тэр гүйлтийн замаас бушуухан буугаад өөртөө и-мейл явуулж түүнээ хадгалдаг аж.

Гэхдээ тэргүүн хатагтайн ажлын алба сайн ажилладаг тул илтгэл бичихэд дор хаяж долоо хоногийн хугацаа гаргаж, сүүлийн мөчид редактор хийх нь ховор гэлээ.
Саяхан Хурвиц Нью Мэксик дэх Санта Фэ сургуульд очиж Обамагийн үг хүлээн авагчдад хэрхэн хүрч байгааг ажиглажээ. Энэ илтгэл нь Мишелийн боолчлогдож асан өвөг дээдэстэй холбоотой бөгөөд 126 жилийн настай дээрх сургуулийн эхэн үеийн гашуун түүх юм.
“Энэ сургуулийг яг үнэндээ та бүхний соёл, уламжлалыг бөхөөх зорилгоор нарийн төлөвлөж, зөвлөлдөж байгуулсан юм. Харин өнөөдөр энэ танхимд суугаа өөрсдийгөө хар л даа. Энд хатуу хориглож байсан төрөлх хэл тань одоо танхимд цуурайтаж, шөнө бүр дотуур байранд олон янзын түүх өгүүлж байна шүү дээ” гэж түүнийг хэлэхэд оюутнууд алга нижигнүүлэв.
Хэдийгээр энэ үгийг бичилцсэн хүн нь Хурвиц өөрөө ч илтгэл сонсох үедээ үнэхээр ярианд нь автсан тухайгаа хэлсэн юм.

“Би боолын зээ охины зээ охин нь унаган Америк хүүхдүүдэд илтгэл тавихыг харж байна. Илтгэлийг сонсч байгаа олон хүүхэд эндээс коллежид, зарим нь Ivy League-ийн нэр хүндтэй сургуульд явах болно” гэж Хурвиц хэллээ. “Энэ улсыг ямар гайхамшигтайг тэд харах болно.”
Их сургуульд багшилдаг байхад оюутнуудад даалгавар, зар түгээх бие даалт хүлээж авахад love_19@yahoo.com зэрэг и-мейл өгөх нь олон. Дээр нь и-мейл нээхдээ бүтэн нэрээ биш “Oogii Otgoo” гэхчлэн дууддаг нэрээ бүртгүүлснээс 100 гаруй оюутантай ажиллах үед аль ангийн хэнээс, юу ирж байгааг тааварлан шалгахад амаргүй байв. Тиймээс ядаж бүтэн нэрээрээ и-мейл нээж, “Subject” хэсэгт аль ангийн хэнээс, ямар даалгавар ирж байгааг бичихийг хүсдэг байлаа.
Одоо ажил, хэрэг явуулахад заримдаа энэ соёл үгүйлэгддэг юм. Олон хүнтэй харилцдаг, хариуцлагатай ажил эрхэлдэг зарим хүн и-мейлдээ хариу өгөлгүй удах, асуухад шалгаагүй гэдгээ хээвнэг хариулах нь эвгүй. Тиймээс оюутнууддаа болон ажлын гараагаа эхэлж байгаа дүү нартаа шинэ ажилд орвол албаны и-мейл заавал нээлгэх, ажил хэргийн харилцаандаа заавал түүнээ ашиглахыг зөвлөх байна.

 1. Ажил хэрэгч байдал
Албаны буюу компанийн и-мейл хэрхэн ашиглахыг мэддэг байх нь чухал зүйл. Үүгээр ажлын найз руугаа хөгжилтэй захидал, ажлын холбогдолгүй зүйлс явуулах нь таныг мэргэжлийн бус харагдуулах нь гарцаагүй. Түүнчлэн ажлын байрны техник, технологийг ашиглан холбогдолгүй вэб сайтаар зочлох, өөр зүйлс хийгээд дэмий. Учир нь компанийн холбогдолтой бүх л зүйлд таны “хувийн орон зай” гэж үгүй бөгөөд дараа нь миний и-мейл, миний компьютер гэж гомдоллох ямар ч эрхгүйгээ санах хэрэгтэй.

2. Subject хэсэг
Энэ хэсэгт юу гэж бичихээс хамаарч таны и-мейлийг хүн нээх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Ялангуяа, сүүлийн үед “Баагий” гэсэн нэрнээс “Юу байна?” гэсэн гарчигтай и-мейл ирээд дотор нь сурталчилгаа байх нь ихэссэн. Тиймээс миний хувьд над руу “Юу байна?” гэсэн гарчигтай и-мейл бичих хүн байхгүй гэж итгэдэг тул энэ мэт мейлийг шууд л устгадаг. Тэгэхээр өдөрт хэдэн арван и-мейл хүлээж авдаг хүмүүс бол тус бүрийнх нь учрыг олох гэж нээх нь юу л бол. Тиймээс аль болох тодорхой “Хурлын зочдын талаар мэдээлэл авах”, “Борлуулалтын хэлтэсийн долоо хоногийн төлөвлөгөө” гэхчлэн гарчигласан нь дээр. Надад бол ядаж дараа нь и-мейлээсээ хайхад гарч ирэхүйц түлхүүр үг оруулах нь дөхөмтэй байдаг.

3. Албан бичгийн дүрмийг санах
Танай компани и-мейл системдээ өөрийн гэсэн загваргүй л бол ердийн хар өнгө, хэвийн фонт ашигласан нь дээр. Өнгө, будгийн талаар бодох ч хэрэггүй. Түүнчлэн маш шуурхай үйл явдлын хариу л биш бол хэт их товчлол, “бна, тэгсн…” зэргээр и-мейл бичих нь бүдүүлэг харагддагийг мартуузай.

4. TO, BC, Cc ашиглах
To хэсэгт и-мейл илгээх хүнийхээ бүтэн нэрийг ашиглах шаардлагатай. Түүнчлэн “бат” гэснээс “Б.Бат” гээд явуулахад хүлээн авагчид илүү найдвартай, ажил хэрэгч санагдах нь ойлгомжтой.
Cc ашиглахдаа хүмүүсийг танилцуулах гээгүй л бол хэзээ ч битгий биенээ мэдэхгүй хүмүүсийг нэг дор бичээрэй. Таних, танихгүй олон хүнд и-мейл хаягаа тараах нь тийм ч их хүсэх зүйл биш. Харин албаныхаа олон хүний сэтгэгдлийг сонсох, бүгдээрээ хэлэлцэх асуудал болон ажлын явц хэр байгааг албаныхандаа, даргадаа мэдээлэх гэж байгаа бол Cc зайлшгүй ашиглана.
Урилга, зарлал, тайлан гэхчлэн ижил файлыг олон хүнд явуулах бол мэдээж BC хийх хэрэгтэй.

5. Reply to All
Энэ товчлуурыг дарахын өмнө таны хариуг бүх хүн үзэх шаардлага бий эсэхийг бодож үзээрэй. Тусгайлан нэг л хүнд хариу явуулах товчлуур бас бий шүү дээ. Түүнчлэн өмнө нь харилцаж байсан хүн ч гэлээ, өөр асуудлаар холбогдох гэж байгаа бол Reply ашиглалгүй шинээр Subject үүсгэж бичээрэй.

6. Attachments
Ямар нэг файл хавсаргахдаа түгээмэл хэрэглээний програмаар нээгдэх эсэхийг шалгаарай. Microsoft Office-ийн хэрэглүүрүүд бол хаана ч бий, харин Prezi ашигласан илтгэлийн файлыг тань бүх хүн нээж чадах нь эргэлзээтэй. Тийм болохоор и-мейл явуулахын өмнө өөр өргөтгөл ашиглавал зүгээр эсэхийг лавлаад асуусан нь дээр.

7. И-мейлийн бүтэц
Хэдий байнгын харилцагч, найз нөхөр шиг тань хүн боловч ажил хэргийн и-мейл л бол эхэнд нь заавал мэнд мэдэж, дараачийн мөрнөөс ажил хэргээ бичих хэрэгтэй. Мөн и-мейлийн төгсгөлд баярлалаа, баяртайгаа бичиж нэрээ заавал хавсарга. Ажил хэргийн и-мейлд энэ дүрмээ ягштал мөрдлөө гээд таныг шоглох хүн лав гарахгүй.

8. Хариу илгээх
Ажлынхаа и-мейлийг өглөө бүр шалгах нь таныг хэр сайн ажилтан бэ гэдгийг илтгэнэ. Хэрэв хариу өгөхөд хэлэлцэх, бодох шаардлагатай бол ядаж хүлээж авлаа, хэзээ хариу өгөх боломжтой гэдгээ даруй мэдэгдэх нь том соёл. Бэлэн болоогүй байсан гээд хүний и-мейлийг гурав хоног “дарчихаж” болохгүй шүү дээ. Ер нь технологи хөгжсөн энэ үед гар утсандаа и-мейлээ холбож тухай бүрт даруй хариу өгч сурах нь сайн мэргэжилтний нэг чанар юм.

Амралтын өдрөөр манайд зочилсон найзын маань бяцхан охин  хагас өдөр ipad дээр хүүхэлдэйн кино үзэж, үгүй бол телевизор асаан YouTube орж дуртайгаа үзэх аж. Хэдийгээр үсэг ч мэдэхгүй дөрвөн настай хүүхэд боловч тэдгээр төхөөрөмжийн учрыг эвлэгхэн олж, яаж ийгээд өөрийн хүссэнээ үзэж болоод байв. Түүнд магадгүй телевизийн эхэн үед хүмүүс босч очоод сувгаа сольдог, дэлгэц нь өнгөгүй байсан, долоо хоногийн зарим өдөр л телевизор үздэг байсан тухай хэлбэл итгэхэд ч бэрх байж мэднэ. Өдгөө хүссэн контентоо, дуртай төхөөрөмжөөсөө, дурын цагтаа үзэж өсч буй түүн шиг олон бяцхан охин ирээдүйд телевизээр юу, хэзээ гарахыг хүлээж сууна гэхэд бидний хувьд төсөөлөхөд бэрх байна.

“Юнител” компанийн гаргасан судалгаанаас харвал Монгол дахь хэрэглэгчдийн энгийн телевизор үзэх хандлагад үл ялиг өөрчлөлт орсон бол, таблет, ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэргээс видео үзэх байдал хурдацтай өсч, товчхондоо 2012 оноос хойш мобайл төхөөрөмжөөс контент үзэх хандлага 25 хувиар нэмэгджээ. Мөн хэдхэн сарын өмнөөс Netflix-ийн үйлчилгээ манайд нэвтэрсэн нь дээрх өсөлтийг цаашид хэрхэн өөрчлөхийг та гадарлах буй за. Хүмүүс хэзээ ч, хаанаас ч дуртай контентдоо хандаж, хэрэглэхэд таатай, сонирхолтой бүтээсэн эппликейшний үйлчилгээг ашигласнаар ирээдүйд телевизор “моданаас” гарч, таблет, ухаалаг утас эсвэл магадгүй одоо хараахан бүтээгээгүй байгаа ямар нэг ирээдүйн шинэ төхөөрөмжөөс видео үздэг болох нь гарцаагүй байна.

“Мобайл ТВ” эрин

Америкт “NPD”судалгааны төвийн мэдээлж буйгаар ойрын жилүүдэд том хэмжээтэй телевизорын эрэлт буурна гэв. Учир нь Netflix, Hulu зэрэг эппликейшнүүд нь таблетад тохирсон бөгөөд энэ нь том хэмжээтэй телевизороос хямд бас олон талаар ашиглаж болох давуу талтай. Судлаач Стифен Бейкерийн харж байгаагаар хүмүүс гэртээ дундаа нэг ердийн телевизортай болж, харин өрөө, өрөөндөө мобайл төхөөрөмжөөс дуртай кино, шоугаа үздэг болно гэсэн нь үнэнд ойр юм.

Үүнийг эрт мэдэрсэн үү гэлтэй “Apple-ийн ipad Pro, Samsung-ийн Galaxy View зэрэг өргөн дэлгэцтэй таблетууд “мэндлэв”. Ялангуяа 18.4 инч хэмжээтэй Samsung Galaxy View-ийг таблет гэхэд хэтэрхий том бөгөөд, тэд үүнийг сурталчлахдаа “мобайл ТВ” гэсэн “малгай” ашиглаж байна. Энэ бол хөдөлгөөнт, өндөр нягтаршилтай дэлгэц бөгөөд та гэрийнхээ аль ч өрөөнд зөөж, дуртай контентоо үзэж болно гэсэн үг. Эндээс харвал “Samsung”-ийн хэтийн төлөв “үзэхэд” төвлөрсөн бөгөөд зөөврийн компьютер, таблет дээрээ контент үзэж дадсан хэрэглэгчдэд илүү тав тухтай боломж ойртож байна гэсэн үг.

Сурталчилгааны оновчлол

Дижитал төхөөрөмж, онлайн контент түгээлтийн хэрэглэгчид “ээлтэй” энэ байдал сурталчилгаа түгээгчдэд бас ач тусаа өгч хүрээмж, үнэ цэнээ тодорхой тооцох боломжийг олгож байгаа юм. Учир нь дижитал төхөөрөмжийн нөлөөгөөр хэрэглэгчийн зан төлвийг нарийн тааварлаж, түүнд тохирсон сурталчилгааг харуулах давуу талтай юм. Ядаж л хэрэглэгчийн эрэгтэй, эмэгтэйг мэдэж чадвал ямар бүтээгдэхүүний сурталчилгаа  харуулахаа шийдэж болох бөгөөд цаашлаад нас, боловсрол, ихэвчлэн ханддаг контент зэргийг мэдсэнээр сурталчилгааны оновчлолыг шийдэхэд маш их дөхөм болж байна. Тухайлбал, 18-25 насны эмэгтэйчүүдэд зориулсан сурталчилгааг “ABC”-гийн бүтээл “Скандал” цувралд багтаах нь оновчтой гэж сурталчилгааны компани жишээлжээ. Ер нь хөдөлгөөнт төхөөрөмж дотроо видео үзэлтээр тэргүүлдэг нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер ч биш таблет бөгөөд үүнийг дагаад реклам үздэг, хүрдэг гол хэлбэр нь ч таблет юм байна. 

Мэдээллийн хоёр чиглэлт урсгал

Хүн төрөлхтөн хэзээнээс мэдээллийн харилцаанд ач холбогдол өгч нэгэн төрлийн хүч гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс ч мэдээлэл хүлээн аваад зогсохгүй, түүнийг бүтээх боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тухайн харилцааны “амьд” эд, хэсэг болох хүсэлтэй байсныг бид редакцид ирдэг үй олон захидал, зурвас, дуудлагаас харж болно. Тэгвэл орчин цагийн интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгсэл нь энэ боломжийг бүрэн олгож бид үзсэн киногоо тэр дор нь үнэлэх, санал сэтгэгдлээ хэлэх, бусадтай хуваалцах зэрэг боломжийг бий болгосон нь харилцааг хоёр чигт болгожээ. Жишээ нь, YouTube-ийн бичлэгт “Like”дарах, сэтгэгдэл бичих, тухайн сувгийн авторт хүсэлт илгээх, түүнийг “follow”хийж, шинэ видео орох бүрт хэрэглэгчид мэдээлэх зэрэг нь үүний илрэл болно. Үүнийг дагаад олонд танигдсан “YouTube одууд” хүртэл бий болж, “Энэ хоолыг хэрхэн хийх вэ” сувгийн автор Энн Рирдон гэхэд хоёр сая гаруй хүнийг дагуулжээ. Маш энгийн, надтай ярилцаад хийж буй мэт түүний танилцуулах түүний жоруудыг интернэтэд холбогдсон л бол хаанаас ч, хэзээ ч хараад хийж болох нь шинэ эриний боломж билээ. 


Шуурхай мэдээ, спортын мэдээнд уламжлалт хэрэгсэл ноёлох хэвээр

Дээрх шинэ боломж, нээлтүүд нь хэдийгээр гайхалтай ч, хүмүүс дуртай цагтаа буюу завтай үедээ телевизийн шоу, цуврал, киног үзэж байна. Харин нэн шаардлагатай үедээ буюу шуурхай мэдээллийг түгээх итгэл үнэмшилтэй, найдвартай суваг нь уламжлалт телевизийн хэлбэр хэвээр байхыг зарим судлаач хэлж байна. Ялангуяа, спортын тоглолтууд, онцлох үйл явдлын мэдээллийг мэргэжлийн түвшинд боловсруулж хүргэхийг олон нийтийн сүлжээ сайтууд болон эппликейшнүүд орлож чадахгүй. Учир нь мэдээлэлд анализ хийж, дүгнэж, баяжуулах зэрэг ажлыг шуурхай гүйцэтгэх нь мэргэжлийн сэтгүүл зүйн ажил бөгөөд зөвхөн интернэтэд суурилдаг телевизүүд энэ чиглэл рүү идэвхтэй орохгүй байгаа юм. Тиймээс ойрын 10 жилдээ уламжлалт телевизийн хувьд мэргэжлийн түвшинд мэдээлэл бэлтгэхэд голлож, цаг хугацааны хувьд шуурхай биш контентийг онлайн телевизээр хүргэхэд анхаарах нь зөв болжээ. 

2020 онд ТВ ийм төлөвтэй болно гэжээ. 



Хувийн чат, бүлгийн чат үүсгэх сонирхолтой стикерээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, зураг, видео хуваалцах гээд төрөл бүрийн боломж олгодог мессеж эппликейшнүүд одоо цагт өргөн хэрэглээ болсон. Цаашлаад үүрэн телефоны дуудлага, мессежийг операторын оролцоотойгоор хянах тохиолдол байдаг бол интернэтэд суурилсан эппликейшний хувьд үндэстэн дамнасан корпорациуд боломжит хэмжээндээ баталгаа өгч, зарим улсад хууль эрх зүйн орчныг ч бүрдүүлж амжсан.

Монголчуудын хувьд Viber түлхүү хэрэглэдэг ч, миний хувьд анхнаасаа зөвхөн текст үйлчилгээг санал болгож байсан WhatsApp илүү хялбар, энгийн санагддаг байв. Харин сүүлийн үед Telegram эрчимтэй “моданд орж” байх шиг байна. Функц нь мөн л энгийн, загварын хувьд зарим талаар WhatsApp-тэй ижил төстэй нь таалагдаад байгаа. Үүнээс гадна өөр олон боломж бийг олж мэдсэнээ хуваалцъя.

  1. Viber-т таны утасны дугаарыг мэдсэн л бол таних, танихгүй хэн ч шууд мессеж илгээдэг. Харин Telegram дээр харилцан биенээ “add” хийснээр харилцаа эхэлнэ.
  2. Telegram-ийг суулгахад төхөөрөмжид маш бага буюу ойролцоогоор 9-10MB зай л эзэлнэ. Текстүүд тань cloud санд хадгалагдах учраас дараа нь, өөр газар суулгасан ч мессежээ алдахгүй байх давуу талтай.
  3. Энэ төрлийн бусад апп-ийг бодвол зураг, дүрсээс гадна файл илгээх боломжтой нь маш их таалагдаж байгаа. Зөвхөн өөрийн төхөөрөмжөөс гэлтгүй Dropbox, Google Drive-аасаа сонгож илгээнэ гээд боддоо.
  4. Бас нэг давуу тал нь Snapchat-ийн адил зураг илгээгээд хүлээн авагч үзсэн л бол устах тохиргоо. Ихэнх апп зураг хүлээж аваад, түүнийг шууд төхөөрөмжид хадгалах тохиргоотой байдаг бол Telegram эсрэгээрээ шууд устгах тохиргоог санал болгодог.
  5. Текст ч мөн ялгаагүй. Secret chat үүсгэх, өөрөө устгагдах текст илгээх боломж бий.
  6. Элдэв тоглоом, сурталчилгаа гээд байх юмгүй, текстээ л бичнэ, энгийн хялбар хэрэглээтэй.
  7. Ухаалаг төхөөрөмжгүй байлаа ч компьютерийн браузер дээрээс нэвтэрч, харилцах боломжтой.
  8. Reply хийх гэж байгаа текстээ сонгож хариулж болно. Заримдаа хүмүүс нэг дор 3, 4 өгүүлбэр явуулаад, асуулт, хариулт нь холилдоод будилах үе бий. Харин Telegram дээр яг ирүүлсэн текстээ сонгож байгаад хариулчихаж болно.

Эндээс харвал Telegram нь ажил хэрэгч, энгийн хэрэглээг эрхэмлэдэг хүмүүст яг тохирох Viber, WhatsApp, Snapchat-ийн боломжуудыг нэгтгэсэн, зарим талаар давуу ч хэсгийг санал болгож байна. Харин дуудлага хийдэггүй нь зарим хүнд сул тал санагдаж мэдэх ч, дуут мессеж явуулж болох хойно асуудалгүй байлгүй дээ. 





Үүнийг бичигч би яг нэг жилийн өмнө Лондонд сургуулиа дүүргэж, гэртээ ирэх зардлаа хуримтлуулахаар япон хоолны газарт цагаар ажиллаж байв. Тухайн үед долоо хоногтоо оюутан гэхэд боломжийн цалин авах ч, цаасан дээр бичсэн мөнгөний багагүйг нь татварт өгөх нь хайран байдагсан. Харин хэдхэн хоногийн өмнө  Их Британийн Татварын албанаас надад хаягласан хоёр захидал ирсэн бөгөөд татварын буцаан олголтыг чекээр илгээсэн байв. Миний хувьд Лондонд ажиллах хугацаандаа энэ талаар сонссоноос хэтрэхгүй бөгөөд дараа нь татвараа авна гэж бодоод ямар нэг бүртгэл хийлгэж, материал бүрдүүлсэн удаа нэгээхэн ч үгүй нь бахархах зүйл даанч биш л дээ. 


Тэгвэл манайд их, дээд сургуулийн төлбөр бэлнээр төлсөн, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, татвараа мэдүүлсэн тохиолдолд жил бүрийн эхний хоёр сард буцаан олголтоо авах боломжтой. Гэхдээ үүний тулд 12 төрлийн материал бүрдүүлэх ба иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, гэрээний хуулбар, хорооны бичиг, цалингийн тодорхойлолт зэргийг бэлдэх нь ямар ярвигтайг уншигч та андахгүй биз ээ. 


Харин өдгөө хурдацтай хөгжлөөрөө гайхагдаж “Балтийн барс” гэгдэх болсон Эстонын иргэдийн хувьд 5-7 минутанд татварын тайлангаа цахимаар мэдүүлж, буцаан олголтоо тав хоногт авчихдаг гэж “Цахим Эстон” жишиг танхимын мэргэжилтэн  Карли Сувисилд хэлсэн нь төрийн үйлчилгээ иргэддээ хэр ойр, хүртээмжтэйг илэрхийлж байлаа. Тэдний туршлагаас Японоос эхлээд Их Британи хүртэл суралцаж байгаагийн бодит үр дүнг биеэр мэдрээд байсан надад Эстонид очиж энэ бүхэн хэрхэн ажилладгийг үзэх боломж тохиолоо. 


Эстон ба Монгол


Мэдээлэл, харилцааны түүхийг бичигч зарим эрдэмтэн шуудангийн анхны хэлбэрийг Монголчууд бий болгосон гэх нь бий. Учир нь 13-р зууны үед Өгөдэй хаан морин өртөөнүүд бий болгож, тэдгээрийн хооронд улаачид мэдээлэл дамжуулдаг байсан нь мэдээллийг үр ашигтай солилцоход нэгэн хуудас нээсэн гэдэг. Харин орчин цагт мэдээлэл харилцааны технологийг нийгмийн хөгжилд тустай ашиглахын тод жишээ нь Балтийн эрэг дагуу орших Эстони улс болно. Монголчуудын хувьд 2005 оноос “Цахим Монгол” хөтөлбөрийг БНСУ, Сингапур зэрэг Азийн орнуудаас үлгэр авч хэд, хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн ч, нэгэн цагт ЗХУ-ын нөлөөнд байж 1990-ээд оны өөрчлөлтийн “салхинд” ардчилалтай золгосон гэдгээрээ Эстон улстай олон талаараа дүйнэ. Тэндхийн нэрт улс төрч Леннарт Мэри “Бидний яс үндэс дорно зүгийнх ч, бие махбодь минь баруунд оршиж байна. Заримдаа энэ хоёр тал нь биднийг өөрсдийгөө танихад төвөгтэй байдалд оруулдаг” (1976) гэж бичсэн нь дорно зүгт урбан амьдралын хэв маягийг нүүдэлчний соёлтой хоршуулан аж төрөх бидний сэтгэхүйтэй төстэй мэт. Улаанбаатарт уламжлалт гэр хороолол, “соц” үеийн барилгууд, орчин үеийн өндөр шилэн цамхагууд ээлжлэн үзэгдэх бол Эстонийн нийслэл Таллины төвд дундад зууны үеийн “Хуучин хот”-ыг тойрон өрнийн хэв загвартай барилгууд эрийж, хотын захаар манай 40 мянгат, Сансар хороолол орчмыг санагдуулам хуучны таван давхарууд зонхилно. 

 Харин биднийг метрополитан хот болохоор хог хаягдал, нийтийн тээвэртэйгээ зууралдах хооронд Таллин хот аль хэдийнэ дэлхийн топ 10-н дижитал хотын нэг болжээ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй сая гаруйхан хүн амтай Эстон улсыг өнөөдөр “Skype”-ийг нээсэн “E-Estonia буюу “Цахим Эстон” гэдгээр нь дэлхий нийт нэрлэх боллоо. Өнгөрсөн зууны төгсгөлд Финланд улс цахим засаглалын сууриа тавихыг харсан Эстончууд загварыг нь тэр дор нь туршиж, засч сайжруулсаар одоо энэ чиглэлээр тэргүүлэгч орон болсныг мэдээлэл технологиор Европдоо тэргүүлэх “Nortal” компанийн удирдлага Олег Шайковский “Бид аливаад маш сүйхээтэй ханддаг хүмүүс. Шийдвэр гаргах гэж олон дахин хэлэлцэхийн оронд түргэн хугацаанд туршиж үзээд, алдаагаа засаад явахыг илүүд үздэг” гэв.  


Цахимаар засаглахын учир 


Дэлхий даяараа тэмүүлэх болоод буй энэ хэлбэр нь энгийндээ Засгийн газрын цахим хуудаст зочилсон хэн ч и-мейл харилцаанаас гадна аливаа мэдээлэл, илтгэл, тайланд чөлөөтэй хандаж иргэд, бизнес эрхлэгчид, ажилтнуудын дунд мэдээллийн нээлттэй урсгал бий болгохыг хэлж байгаа юм. Цаашлаад технологийн хөгжил нь төрийн үйлчилгээг аль болох хүртээмжтэй, үр дүнтэй байлгахад чиглэнэ гэсэн үг. Өдгөө энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Эстон улс 1996 оноос “Tiigrihüpe” /Барын харайлт/ хөтөлбөр зарлан мэдээллийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Үүний дүнд нийслэл Таллин хотын гудамжинд интернэтгүй булан нэгээхэн ч үгүй бөгөөд “Эстонд ойн гүнд ч та интернэтэд холбогдох боломжтой” гэж мэргэжилтэн Сувисилд хэлсэн нь ч үнэн байв.
 Тэр дундаа Засгийн газрын үйлчилгээний байгууллагууд ба сургуулиуд интернэтэд 100% холбогдсон бөгөөд энэ жилээс “цахим цэцэрлэг” системийг нэвтрүүлж байгаа аж. Хүүхэд тань хичээлдээ очсон эсэхийг дор нь мэдээлэн, авсан дүнг нь багш, сурагч, эцэг эхэд нээлттэй байдлаар хоёр цагийн дотор нийтлэх боломжтой дунд сургуулийн системээс ялгаатай нь та хүүхдийнхээ биеийн байдал, идэж байгаа хоол, тоглох тоглоомыг ч мэдэх боломжтой юм байна. Мөн цахим үнэмлэхэнд таны бүхий л мэдээллийг хадгалдаг бөгөөд түүнийг ямар байгууллагаас, хэдэн удаа шалгасныг та хянах боломжтой нь мэдээллийн удирдлагыг иргэнд өгч буйн хэлбэр юм. Цаашлаад мэдээллээ иргэд өөрөө шинэчлэн залруулах боломжтой тул төрийн байгууллага нэг оруулсан мэдээллийг тань дахин, дахин асуух эрхгүй гэж байв. Харин бидний хувьд цахим үнэмлэхээрээ ТҮЦ машинаас авсан тодорхойлолтыг минь банк хүлээн зөвшөөрөхгүй, заавал Хорооны даргын гарын үсэг нэхэх нь сахил хүртэх гээд шал дордсонтой агаар нэг мэт. 


Оршин суухын шинэ утга буюу цахим иргэншил


Эстонийн Засгийн Газар хуралдаанаа 2000 оноос “E-Cabinet” хэлбэрээр зохион байгуулах болж цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ шийдвэр гаргалтын үйл явцыг хэд дахин хурдан болгосон гэж байв. Бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр кабинетийн гишүүд хэлэлцэх асуудалтай танилцаж, санал сэтгэгдэл,  түүнийг дэмжих эсэхээ интернэт сүлжээтэй л бол хаанаас ч урьдчилан мэдэгдэх боломжтой. Ингээд танхимд ирж өдөржин хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан Сайд нарын хурал одоо дундажаар хагас цаг үргэлжлэх болжээ. 


Түүнчлэн Эстонд хэн нэг даргын шийдвэрийг баталж, үүдийг нь сахин гарын үсэг авах шаардлага огт үгүй болоод 10 жил өнгөрч байна. Зөвхөн дарга нар гэлтгүй, цахим үнэмлэхтэй хэн бүхэн нууц кодоо оруулаад л баримт, бичгийг баталгаажуулах нь цаг, зав хэмнэх хийгээд эдийн засгийн тооцоо хийж үзвэл “зурж” байгаа гарын үсэг бүр нь ойролцоогоор 20 евро хэмнэж байгааг тогтоожээ. Манайхаас хүн амын тоогоороо хоёр дахин бага Эстонд өдгөө энэ хэлбэр улам боловсронгуй болж, дижитал гарын үсэг гэх ойлголт нь мобайл гарын үсэг болж шилжиж байна. Нэг ёсондоо ухаалаг гар утастай байхад цахим үнэмлэх гэлтгүй гарын үсгээ “зурж” болох бөгөөд үүнийг Эстонийн Парламентын Ерөнхийлөгч ноён Эики Нестор бидэнд тэр дор нь үзүүлж, сонирхуулав. 


Мөн өнгөрсөн онд дэлхий дахинд анхны “цахим оршин суугчийг” бүртгэсэн Эстон улс “оршин суух” гэсэн үгийн утгыг эрс өөрчлөв. Энэ нь хэдийгээр хууль ёсны иргэний эрх үүсгэж, аяллын бичиг баримт болохгүй ч, та тус улсад сурч, бизнес эрхэлж, төрийн үйлчилгээ авахыг хүсч байвал цахим үнэмлэх, цахим гарын үсгээ баталгаажуулан “Цахим Эстон”-ы иргэн болоход нээлттэй юм. Сонирхуулахад, анхны цахим оршин суугчаар Их Британийн иргэн “The Economist сэтгүүлийн нийтлэлч Эдвард Льюкас бүртгүүлсэн бөгөөд 1990 онд Литва улс тусгаар тогтнолоо зарлахад тэрбээр хамгийн анх зорчиж тус улсын “0001” дугаартай визийг тамгалуулж байжээ. 


“Эрх чөлөөт нийгмийг бий болгоё гэвэл эхлээд интернэтийг чөлөөл”


Энэ бол “Арабын хавар”-ын үеэр Египтийн хувьсгалыг цахим орчинд удирдаж байсан мэдээлэл технологийн мэргэжилтэн Ваэл Гонимын хэлсэн үг. Цахим засаглалын гол давуу тал нь мэдээллийн урсгалыг нээлттэй байлгаснаар ардчиллын тулгуур зарчим чөлөөт, ил тод байдлыг дэмждэг бөгөөд одоо Эстончууд авлигын үзүүлэлтийг бууруулсан туршлагаараа мөн л тэргүүлнэ. Улсын төсвийг хаанаас бүрдүүлж, хэрхэн зарцуулж байгааг Meieraha хуудсаар ороод харж болох бөгөөд сонгуулийн амлалтын хэрэгжилтийг хянах, орон нутгийн удирдлагуудын зарцуулалтыг сонирхох дэд хуудсууд нь хэн бүхэнд нээлттэй.

Мэдээллийг ил тод байлгаснаар авлигыг бууруулаад зогсохгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ямар тустайг тэд эртнээс тооцжээ. Ядаж л цаг агаар, замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүртээмжтэй байснаар тээвэр, зуучлалын үйлчилгээ эрхлэгчид оновчтой тооцоолол хийж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжтой юм. Цаашлаад хотын төвд кафе нээхээс эхлээд ямар ч төрлийн ажил эрхлэхээр компань байгуулж, бүртгүүлэхэд интернэтээр 18 минут л зарцуулах нь гайхалтай. 


Түүнчлэн манайд хэдийгээр сонгогчдын саналыг электрон машинаар тоолдог ч түүнийг “будлиантуулдаг” талаарх хардалт тасардаггүй. Тэгвэл Эстонийн цахим санал хураалт хэр найдвартай болохыг асуутал Засгийн Газрын Хэвлэлийн төлөөлөгч Авэ Тамперэ энэ нь электрон төхөөрөмжид төдийгүй интернэтэд суурилдгийг надад дахин сануулав. “Иргэдийн цахим үнэмлэх хоёр давхар нууцлалтай бөгөөд эхний кодыг оруулахад өөрөө мөн эсэхийг тодруулж, хоёр дахиар нь гарын үсэг баталгаажна. Хэрэв асуудал үүсвэл хаанаас, хэзээ хандсаныг тодруулах боломжтой тул давхардуулах зэрэгт санаа зовох хэрэггүй” гэв. Мөн сонгогч бусдын шахалтад орох талтайг тооцон сонгуулийн өдөр хэдэн ч удаа саналаа өгч болохоор шийджээ. Гагцхүү хамгийн сүүлийн саналыг л тооцох бөгөөд, шийдвэрээ өөрчлөөд сүүлд нь танхимд биеэр ирж өгвөл түүнийг нь хүчинтэйд тооцдог аж. Биднийг Парламентын ордонтой танилцуулсан хөтөч “Би өглөөний цай уух зууртаа л саналаа өгчихдөг” гэхэд нь хоёр жилийн өмнө өглөө эртлэн босч, дээл хувцасаа гоёж, сайн морио унаад сонгуулийг хороог зорих монгол малчныг сурвалжилсан минь санаанд оров. Харин эстоничууд найман жилийн өмнөөс цахимаар сонгох эрхээ эдлэх болж, өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентийн сонгуульд оролцогсдын гуравны нэг нь интернэтээр саналаа өгчээ. 


Цахим нийгэмд цаас хэрэггүй


Цахимаар гарын үсгээ зураад, хүүхдүүд нь хичээлийн танхимдаа ipad хэрэглэж дадсан Эстонид үзэг, балны наймаа ашиггүй бололтой гэж хошигноход минь Таллины их сургуулийн багш эмэгтэй “Яалаа гэж дээ, гэсэн ч бид тэмдэглэл хөтлөх дуртай шүү” гэж хариулав. Сүүлийн 10 жилд дижиталаар баталгаажуулсан бүх бичиг, баримтаа цаасан хэлбэрт шилжүүлбэл телевизийн цамхагаас 14 дахин өндөр болно гэдэг тооцоог тэд гаргажээ. Тэнд ннтернэт банкны үйлчилгээг 1,8 сая хүн (хүн амын тооноос олон) ашиглан нийт гүйлгээний 99,6%-ийг цахимаар хийж байна. Хэдийгээр газар нутгийнх нь талаас илүүг ой мод эзлэх ч энэ бүхэн нь зөвхөн цаас хэмнээд зогсохгүй эрчим хүчийг оновчтой зарцуулах, агаарын бохирдол, гэрлийн бохирдол зэргээс хүрээлэн буй орчноо хамгаалах зорилготойг тодорхойлжээ. Тиймээс аливаа бизнес эрхлэгчдийг байгальд ээлтэй байхыг уриалж жил бүр энэ төрлийн санаачилгыг урамшуулан дэмждэг байна. Үүний илрэл гэлтэй бидний уулзсан “Nortal компанийн удирдлагуудын нэрийн хуудасны ард мэдээлэл дамжуулах QR code хэвлэсэн бөгөөд “Кодыг уншуулаад цаасыг дахин боловсруулна уу. Цахим нийгэмд цаас хэрэггүй” гэж бичжээ. 


Эстончууд ЗХУ-ын харьяанд байхдаа анхны тооцоолон бодох машинаас эхлээд 1960, 1970-аад оны барууны технологийн хөгжлөөс хоцорсон байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч 1991 онд тусгаар тогтнолоо зарлаж, Засгийн Газрыг 30 нас шүргэсэн залуу сайдууд бүрдүүлэх болов. Хөгшин Европын “бүүдгэр” орон болохгүйн тулд тэд оюун санаандаа үргэлж шинийг санаачлагч сэтгэлгээг бий болгож гарааны бизнесийг дэмжих старт-ап улс болоход анхаарлаа хандуулжээ. Ингэснээр тэд шинэ бүхэнд зогсолтгүй урагшилж, түүний суурь болсон урьдчилсан тооцоог маш сайн гаргаж байв. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цахимжуулахдаа системчлэл, нууцлал, гүйлгээний болон хуулийн орчин гээд бүгдийг шийдсэнээр үндсэн ажил эхэлж байв. Энэ утгаараа нэг л өдөр цахим засаглалын бүрэн шийдэлтэй болох гэсэн улсуудад Эстоны загвар бүх замыг нь бэлдэж өгсөн, гайхамшигт жишээ болж байгаа нь гарцаагүй.

Түүнчлэн тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-2 хувьтай тэнцэх дүнг мэдээлэл, технологийн хөгжилд хуримтлуулж ирсэн бөгөөд төрийн эрх баригчид солигдсон ч тухайн бодлогыг өөрчлөлгүй хадгалсан нь өнөөдрийн амжилтын эх болсныг бизнес эрхлэгчид чөлөөт ярилцлагын үеэр дурьдаж байв. Нэг ёсондоо урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тогтвортой бодлого маш чухлыг сануулж буй хэрэг. Засгийн Газар, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд дундажаар 4-5 жил болдгийг зарим бизнес эрхлэгч хэлсэн ба биднийг Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ үзүүлэхэд “Та бүхэн ажлынхаа талыг хийсэн байна. Одоо дижитал орон болоход хоёр жил л шаардлагатай” гэсэн энгийн тооцоог санал болгож байсан юм. Ялангуяа, өрхийн компьютерийн хэрэглээ хангалттай биш ч, гар утасны хэрэглээгээр өндөрт тооцогдох манай орны хувьд “цахим үнэмлэх, гарын үсэг”-ийг алгасч мобайл ирээдүйд тэмүүлэх хэрэгтэйг тэд нөхөрсөгөөр зөвлөж байсан юм.




Эстонийн иргэдийн авдаг зарим цахим үйлчилгээнээс: 


Олон нийтийн үйлчилгээг интернэт суурилснаар нь “е”, ухаалаг гар утсанд суурилснаар нь “м” гэж ангилах болжээ


E-PoliceЦагдаагийн машинууд электрон төхөөрөмж, интернэт холболттой бөгөөд автомашин зогсоож, жолооны үнэмлэх шалгалгүйгээр автомашины дугаараар бүх мэдээллийг нь шалгах боломжтой. 

E-KoolЭцэг эх, багш, сурагчийг холбосон энэ системд хүүхдийн тань ирц, дүнгийн мэдээлэл, даалгавар, сургуультай холбоотой бусад мэдээлэл бий. Эстони даяар дунд сургуулиудын 80% нь энэ системд холбогдсон бөгөөд сүүлийн жилүүдэд төрийн байгууллагад шалгалт өгвөл дүнг нь мессежээр илгээдэг болжээ.

iPatsientИргэдийн эрүүүл мэндийн түүхийг энд хадгалж, шинэчилж байдаг. Эмчид үзүүлж, шинэчлэл хийсний дараа эмийн санд цахим үнэмлэхээ уншуулаад жорын дагуу үйлчлүүлж болно.

ID piletЭстоны иргэд энэ эппликейшнд хандаж бүх төрлийн тасалбараа захиалан худалдан авдаг аж. Цаасан тасалбар авалгүй, эндээ бүртгэл, дугаараа хадгалаад нэвтэрнэ.

M parkingУг системийн тусламжтайгаар автомашины зогсоол байгаа эсэхийг гар утсаараа шалгаж, хаана байгааг ч заалгаад авч болно. Төлбөрийн нэхэмжлэх нь мөн цахимаар ирдэг.
 Өнгөрсөн зун “Jet” англи хэлний сургалтын төвд гадаадад суралцахыг хүсэгч оюутнуудтай жижигхэн уулзалт хийж, тэтгэлгээр гадаадад суралцсан тухайгаа ярилцсан юм. Эхлээд энэ тухай заавар, зөвлөмж интернэтээр нэг байгаа тул миний яриа сонин биш байх болов уу гээд хэд хэд хойшлуулав. Харин зориглоод очтол ирсэн хүмүүс маш олон зүйл асууж, бид нээлттэй сайхан ярилцаж хэдэн цагийг өнгөрүүлсэн юм. Бас оюутнууд маань ч энэ тухай асуух нь их байдаг тул блогтоо өөрийнхөө багахан туршлагаас орууллаа.

Англид суралцах нь миний багаасаа л бодож, тэмүүлж ирсэн зүйл байсан юм. Яг хэзээ, яагаад ийм санаа төрснийг мэдэхгүй ч, оюутан болохдоо л Монголд бакалаврын зэрэгт суралцаад дараа нь Англи явна гэсэн холын бодол тээчихсэн байв. Харин их сургууль төгсөх үед сургуульдаа үлдэж ажиллах завшаан тохиосон нь сэтгүүл зүйн салбараа залуу судлаачийн үүднээс шинжлэх ухаанчаар харж, ойлгохын зэрэгцээ амралт, чөлөөгөөрөө сэтгүүлчийн ажлаа хийж бага ч атугай туршлага нэмэх боломж олгосон хоёр жил байсан юм. Энэ хооронд угаас сонирхолтой байсан онлайн сэтгүүл зүйн чиглэлээр уншиж, судлаад Монгол дахь гадны сэтгүүлчид болон олон улсын агентлагийн мультимедиа сурвалжлагчидтай ажиллаж хүмүүсийн хэлдгээр онол, дадлагыг хэрэндээ л хийсэн нь магистрт суралцах маш том бэлтгэл болсон. 
Хэлний шалгалт
Ингээд 2012 оны есдүгээр сараас ерөнхийдөө бэлдэж эхэлсэн гэж болно. Монгол Улсын Засгийн Газраас дэлхийн шилдэг 300 их сургуулийн нэгд тэнцсэн тохиолдолд тэтгэлэг олгодгийг мэдээд тухайн жагсаалтаас эхлээд зөвхөн Их Британид байдаг сургуулиудыг шүүж, дараа нь Лондонд байдгийг нь харж судалсан юм. Шаардлага нь хэлний мэдлэг, судалгааны ажлын байдал, туршлага гэхчлэн ерөнхийдөө ижил. Эндээс хамгийн түрүүнд IELTS шалгалт өгөх шаардлагатайг хараад, дунд сургуульд сурсан мэдлэгтээ итгэн арванхоёрдугаар сард шуудхан шийдээд өгтөл унших, сонсох, ярих хэсэгтээ 7.0 авсан ч бичих хэсэгтээ олигтой авсангүй. Гэхдээ дундаж нь нэгэнт 6.5 гэсэн Английн их сургуульд магистрт суралцах босгыг давахуйц байсан тул өргөдлөө бэлдэж эхлэв. 
Тодорхойлох захидал
Үүнийг багш, ажлын газраасаа авдгийг хүн бүр мэднэ байх. Магистрын зэрэг горилоход мэдээж судалгааны ажил хийх шаардлагатай байдаг тул тухайн чадвараа илтгэсэн тодорхойлолт багшаасаа авах хэрэгтэй байдаг. Монголд бол багш нар дийлэнхдээ өөрөө бичээд ир, харж байгаад гарын үсэг зураад өгье гэдэг тул өөрөө өөрийгөө тодорхойлох болдог. Хүмүүсийг харахад өөрийгөө яаж магтахав дээ, яанаа гэдэг ч, энэ бол магтаалын хуудас биш харин давуу талаа л харуулах, бодит тодорхойлолт гэдгийг маш сайн анхаараасай гэж боддог юм. Өөрийгөө мундаг, “лаг” гэхдээ биш яагаад мундаг юм, яагаад судалгаа хийж чадна гэж, урьд нь энэ чиглэлийг сонирхож байсан эсэх зэргээ хэлээд аан, энэ хүн чадах юм байна гэж бодтол нь бэлдэх хэрэгтэй. Ажлын газрын тодорхойлолтод бол хариуцлагатай, олон нийтийн ажилд идэвх, зүтгэлтэй, хэр удаан, юу хийсэн зэргээр өмнөх нөгөө тодорхойлолтод нэмэлт мэдээлэл өгөхүйц, давтагдаагүй талуудаа харуулах нь зүйтэй юм билээ. Ерөнхийдөө тодорхойлолт бичихдээ хоосон тэмдэг нэрээс зайлсхийж, аль болох бодит үр дүнтэй зүйлс хэлэх нь гол болов уу. 
Зорилго тодорхойлсон эсээ
Миний хувьд энэ эсээг анх бичихдээ тааруу байснаас эхний сургуулиасаа тэнцэхгүй хариу авсан юм. Сэтгүүл зүй дотроо “Global Media” гэсэн хөтөлбөр сонгож бичихдээ өөрийнхөө туршлага, мультимедиа сэтгүүлчээр ажиллах сонирхол зэргээ голчлон бичсэн байтал сургуулиас “Энэ анги нь онолын сургалт давамгайлсан тул, чам шиг практик сэтгүүл зүйд сонирхолтой хүнд тохиромжгүй” гэсэн хариу ирэв. Эндээс би сонгосон хөтөлбөрөө маш сайн судлах шаардлагатайг ойлгосон юм. Гадны их сургуулиудад Communication and Media гэсэн ерөнхий чиглэлтэй дотроо Communication, Global Media, Business Journalism, Digital Journalism гээд үй олон хөтөлбөр санал болгодог ба вэб хуудсаар нь ороход л ямар, ямар хичээл үзэх, тухайн хөтөлбөрийг судалснаар ямар ажил хийх боломжтой гээд бүх мэдээллийг нь харж болдог. Тиймээс миний хувьд яг Journalism эсвэл Digital Journalism гэсэн хөтөлбөрүүд өмнөх судалгаа, дадлагад минь ойр байсан тул тэр хөтөлбөрт суралцах чадвараа тодруулж, сонирхол, мөрөөдлөө дэлгэрэнгүй илэрхийлж бичсэн юм. 
Хариу ирэх
Дээрх үндсэн бэлтгэлээ хангаад бусад бэлэн бичиг баримтаа эмхэтгэж гуравдугаар сараас  University of Warwick, University of Westminster, Birkbeck, Goldsmiths, University of London гэхчлэн дэлхийд тэргүүлэгч Оксфорд, Кэмбрижтэй дүйхгүй ч тэдний араас эрэмбэлэгдэх хэдэн сургууль руу материалаа илгээв. Анхнаасаа л баялаг түүх, өнө эртний нэр хүндээс илүү орчин цагийн имижтэй, арай “ойр” гэхдээ бас дэлхийн шилдгүүдийн жагсаалтад багтчихдаг сургууль сонгохыг хичээсэн минь энэ. Английн сургуулиудын бүртгэл харьцангуй урт бараг дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг тул эхний шатны хариу ирэх нь тэр хэрээр удаан, миний хувьд ч санаа, сэтгэл тогтворгүй хэдэн сарыг үдсэн дээ. Ингээд дээр дурьдсанчлан хөтөлбөрөө буруу сонгосноос Warwick-д элсэх боломжгүй болж бусдаас нь ярилцлагад орох хуваарь илгээсэн байв. 
Ярилцлага
Сургуулиудын зарим нь утсаар, зарим нь Skype-аар гэхчлэн холбогдов. Эхлээд Goldsmiths, University of London-оос настай профессор гэртээ суучихсан Skype-даж мультимедиа сэтгүүлчээр ажиллах гэсэн сонирхлыг минь дэлгэрэнгүй асууснаас гадна монгол дахь хэвлэл, мэдээллийн орчны тухай маш их яриулж билээ. Дундуур нь гэрт нь шууданч ирж, манай профессор захиагаа шалгасан шигээ бид хоёр хагас цаг илүүтэй ярилцсан нь дурсамжтай. Харин Westminster, Birkbeck-ээс утсаар холбогдож яагаад Англид суралцахыг хүссэн, тэндэхийн медиагаас юу сурмаар байгаа, ямар хэвлэл уншдаг гээд олон зүйлийг шуудхан асууж байв. Азаар ч тэрүү, миний сонсох дуртай, киног нь үзэх дуртай уран бүтээлчид англи гаралтай байсан нь соёлыг нь танихад нөлөөлсөн бөгөөд The Guardian, BBC гээд гадаад мэдээлэл авдаг сувгууд маань мөн л тэндэхийнх байсан тул дээрх асуултуудад би хамаг үнэнээрээ, чадлаараа хариулж дөнгөв. 
Эцсийн хариу
Ингээд тавдугаар сарын сүүлч гэхэд би дээрх сургуулиудад тэнцсэн ч, Conditional Offer буюу тодорхой нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд элсэх урилга авсан байв. Тэр нь нөгөө аль арванхоёрдугаар сард авсан IELTS-ийн онооны бичгийн дүнгээс болж хичээл эхлэхийн өмнөх 3 долоо хоног хэлний сургалтанд суух шаардлага байв. Хууль, сэтгүүл зүйн ангид элсэх төрөлх ангил хэлгүй хүмүүсээс IELTS-ийн бичгийн 7.0 оноо шаарддаг нь тэр. Харин би тэр зун Засгийн Газрын тэтгэлэгт материалаа өгөх төлөвлөгөөтэй байсан тул хариу авсандаа баярлахтай зэрэгцэн багагүй айдас төрж байв. Ингээд сургууль руугаа яаралтай и-мейл бичиж IELTS дахин өгч, бичгийн оноогоо дээшлүүлье гэхэд тэд уриалгахан зөвшөөрч долдугаар сарын 1-н гэхэд бэлэн болгохыг “үүрэгдсэний” дагуу би тухайн нөхцөлийг биелүүлсэн удаатай. 
Тэтгэлэг авах
Ингээд сургуулиасаа тэнцсэн урилга авсны дараа Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдахад урилга болон бусад материалаа бүртгүүлж эхний шатанд тэнцсэнээр дараачийн шатны ярилцлагад орох болов. Тэр үед би энэтхэг найзтайгаа хамт ТВ нэвтрүүлэг хийж таарсан бөгөөд өдөр зурганд явж байтал хэдхэн цагийн дараа ярилцлагатай тухай утасдаж хэлэхэд нь пүүзтэй гүйж явсан би камер, микрофон битгий хэл нэвтрүүлгийн зочноо хүртэл үлдээгээд хамаг байдгаараа яарч хувцасаа солиод очиж билээ. Тэнд бол би Монгол Улсад ямар хэрэгтэй хүн болохоо хамаг чадлаараа л илэрхийлэх ёстой байв, хэхэ. Сургуульд илгээх тодорхойлтдоо ерөнхийдөө өөрийнхөө давуу талыг нэгэнт биччихсэн тул, түүнийгээ дэлгэрэнгүй бас эх хэлээрээ харилцагчдаа ярих нь магадгүй арай дээр байсан ч байж болох. Ингээд 2, 3 хоногийн дараа МУИС-ийн төв байрны хананд ярилцлаганд орсон хүмүүсийг оноогоор нь жагсаасан байснаас би нэрээ дундаас нь дээш уншиж хайтал нэг л олддоггүй, дотроо айгаад дахин дээш гүйлгэсээр байтал 4. Ж.Хулан гэхэд нь өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод, хэсэгтээ л арилахгүй, хагартлаа баярлаж билээ. 


Сургуульдаа явах
Хэдийгээр Лондонгийн их сургуулийн Goldsmiths коллежид Сэтгүүл зүй, Компьютерийн тэнхмийн хамтарсан Digital Journalism-ийн ангид тэнцэж явахаар шийдээд байсан ч Засгийн Газрын тэтгэлгийн хэмжээ тухайн хөтөлбөрийн сургалтын төлбөрийн 70%-д л хүрэхүйц байсан тул Лондонгийн их сургуулийн Birkbeck коллежийн Сэтгүүл зүйн ангид 2013 оны есдүгээр сард данстай болов. Нэг ёсондоо Лондонд эхний хичээлдээ суух хүртэл анх шийдэж, “хөдөлж эхэлснээс” хойш яг нэг жилийг зарцуулсан байв. Ямар ч гэсэн хүн бодсон зүйлдээ үнэн голоосоо хичээвэл болдог юм байна гэдгийг тэгэхэд би мэдэрч “тэмүүлэх” гэдэг үгэнд их дуртай болж билээ. Хүн аливааг хүсэх нь ямар нэг үйлдэл хийлгүй хий хүсээд байхын нэр мэт, харин оюун санаа ямар нэг зүйлд тэмүүлсэн л бол өөрийн мэдэлгүй хийж буй алхам бүр түүнд чиглэдэг шиг санагдсан нь тэр. Тийм болохоор хүний мөрөөдөл, хүсэл хязгааргүй хойно одоо би юуг хүсэх, юунд тэмүүлэх вэ гэдгээ зааглаж ялгах дуртай болсон.  
Лондонд суралцсан өдрүүд
Азаар Лондонд миний дотны хоёр найз хэдэн сарын өмнө сургуульдаа оччихсон тул би онгоцноос буухдаа л нийтийн тээврийн карттай, оройдоо гар утасны дугаартай болсон байв. Үүрээр ер бусын бүүдгэр орчин, зогсолтгүй орох намрын бороотой өдрүүд угтаж тэр завсраар мөрөөдөж ирсэн хоттойгоо танилцах аялал маань эргэж ирэн иртэл үргэлжилсэн дээ. Цахимаар л уншдаг байсан The Guardian сониноо сургууль дээрээ гарчиглаж, BBC-д ажилладаг ангийнхаа оюутны видео даалгаварт туслангаа оффисоор нь хэдэнтээ аялж, зурагтаар л хардаг байсан BBC-гийн төв байранд нүдээ эргэлдүүлэн алхаж явсан нь дурсамжтай. Мөн ангидаа англи төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн медиа компаниудын үйл ажиллагаа, жишгийг хэлэлцэж, Al Jazeera-гийн “Listening Post нэвтрүүлгийн сэтгүүлч, “Buzzfeed”-ийн эрхлэгчийн лекцэнд суун, судалгааны ажлаа глобаль түвшинд хийдэг эрдэмтдээс үгийг нь сонсох нь асуудлыг өргөн хүрээнд хардаг болох замыг нээсэнд баярладаг. Ер нь Лондон мэтийн том хотод сурч, амьдрах нь маш “diverse буюу олон талын соёлт орчин бүрдүүлдгийг нь одоо үгүйлдэг юм. Өдөр бүр, алхам тутамдаа өөр орны хэн нэгэнтэй таарч, аз таарвал элдвийг хөөрөлдөж, түүхийг нь сонсох надад хамгийн сайхан санагддаг байлаа. Багаасаа элдэв бусын дуу хуур, соёл заншилд дуртай байсныг хэлэх үү бразил найзаасаа юунд ч дарагддаггүй өөдрөг занг нь биширч, италь нөхдөөсөө сэтгэл хөдлөм халуун сэтгэлийг нь харж, хамт ажилладаг ливан охиноос дундад азийн хоолтой танилцаад франц найзуудаасаа хэл, соёлд нь дурлаж амжилт олоогүй ч бүр сурах оролдлого хүртэл хийж үзэв. Ингээд бодохоор гадаадад сурна гэдэг зөвхөн толгойдоо эрдэм хийхээс гадна бие хүний хувьд цоо шинэ харах өнцгийг нээж, өнгөрүүлж байгаа өдөр хоногуудаа улам баялаг болгохын нэр юм уу даа. 
Хэрхэн сурснаас илүү, сурахаар явах хүртэл ямар зам туулсныг хүмүүс их асуудаг тул болохоороо л дэлгэрэнгүй бичлээ. Харин очсоноос хойшхи өдрүүдийн тэмдэглэлүүд энэ блогт минь цөөн ч гэсэн бий.